Шинэчлэлийн Засгийн газраас энэ оныг Монголдоо бүтээх жил болгон дэвшүүлсэн билээ.
Улмаар экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийн төслийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан. Хувийн хэвшлийнхнээс төслийн шалгаруулалтад 1000 гаруй төсөл ирснээс одоогийн байдлаар 888 төсөл тунаж үлдээд байгаагийн нэг нь “Монгол Алтан тос” компанийн ургамлын тосны түүхий эд боловсруулах үйлдвэр юм.
Монголдоо ургамлын тос үйлдвэрлэж чадаж байхад их хэмжээний ургамлын тос импортлосоор байна.
Тэгвэл өнгөрсөн даваа гарагт ШӨХТГ-ын дарга О.Магнай эх орондоо анх удаа ургамлын цэвэр тос үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж буй “Монгол Алтан тос” компанийн үйл ажиллагаатай очиж танилцлаа.
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга О.Магнай “Манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 65-70 хувийг гадаадаас оруулж ирдэг. Энэ нь эдийн засгийн аюулгүй байдал болоод тусгаар тогтнол талаасаа ч эмзэг улсуудын тоонд орж байна. Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс ч импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс бид энэхүү ургамлын тосны үйлдвэрийг зайлшгүй дэмжих ёстой” гэв.
Харин “Монгол Алтан тос” ХХК-ийн захирал Г.Ганболд “Манай компани хэрэглэгчдийн гарт чанартай, хямд үнэтэй ургамлын тос хүргэхийг зорьж ажилладаг. Гэхдээ ингэхийн тулд гадаадаас оруулж ирж байгаа янз бүрийн ургамлын тосны тоог багасгах шаардлагатай. Чанар болон үнийн хувьд асар их ялгаатай байна” гэлээ.
Мөн тэрбээр сайны хажуугаар саар зүйл их байгааг хэлж байсан. Үүнээс хамгийн их анхаарал татсан нь чанарын баталгаагүй янз бүрийн ургамлын тос гадаадаас оруулж ирсээр байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл Монголдоо ургамлын тос үйлдвэрлэж чадаж байхад их хэмжээний ургамлын тос импортлосоор байна.
Тэр ч байтугай тэдгээр ургамлын тосны чанар, найрлага нь шаардлага хангадаггүйг мэргэжилтнүүд хэлж байв. Тэдний тайлбарлаж буйгаар гадаадаас авч ирж байгаа ургамлын тос нь 100 хувь тухайн төрлийн тос биш гэнэ. Жишээлбэл дал модны тосны болон хүнсний тос орлуулагч бүтээгдэхүүн хольсон “микс” гэх тос орж ирдэг байна.
Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар 70 гаруй мянган га газарт тосны ургамлын рапс тариалж 40 мянга орчим тонн ургац хураан авсан ч 30 мянган тонныг нь БНХАУ руу гаргажээ. Хэрэв эл ургацыг дотооддоо боловсруулсан бол нийт ургамлын тосны зах зээлийн 80 хувийг хангах байсан аж. Иймд импортын ургамлын тосны чанар, стандарт болон хил гаалийн татвар төлөлт, татварын бодлогод ШӨХТГ-аас дүн шинжилгээ хийж дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжин бүтээгдэхүүний үнийг бууруулах бололцоог харах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Нөгөөтэйгүүр “Монгол Алтан тос” компанийн удирдлагуудын ярьж буйгаар рапсын үрнээс түүхий тос шахах, анхан шатны үйлдвэр байгуулснаар хүнсний шинэ салбар бий болно. Улмаар малын тэжээл, гахай, шувуу, загасны аж ахуйн тэжээлийн үйлдвэр бий болж бүтээгдэхүүнээ Хятад, Солонгос, Япон зэрэг оронд экспортлох боломж бүрдэх аж.
Ингэж чадах аваас манай улс ургамлын тосны бүтээгдэхүүнээр гадаадын орнуудаас 100 хувь хараат бус болж дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт хийгээд Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлж, гадаад зах зээл рүү урсах валютын хэмжээ эрс буурна.
Харин “Монгол Алтан тос” ХХК-ийн ургамлын тосны үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх аваас 250 иргэнийг тогтмол ажлын байртай болгож, ургамлын тосны хэрэглээг 100 хувь хангахаас гадна бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!