Эрүүл мэндийн сайдын 74 тоот тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр" болгох шийдвэр гарсан.
Энэ хүрээнд өнгөрсөн жил “Эрчүүдээ хайрлая” уриан доор анх удаа Чингисийн талбайд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 20 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд давхардсан тоогоор 3000 орчим иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгсөн билээ.
Эрчүүдийн архи, тамхины хэрэглээ өндөр байгаа нь халдварт бус өвчинд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна
Харин энэ жил ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөө Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ДЭМБ хамтран өнөөдөр мэдээллээ.
Уг хэвлэлийн бага хуралд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Нөхөн үржихүйн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Хишгээ, ДЭМБ-ын Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Др. Говинд, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗХӨ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам, Монгол Улсын хүний гавьяат эмч Ч. Цэдэн-Иш болон эмч, мэргэжилтнүүд оролцсон юм.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ:
1. Дундаж наслалт
Монгол Улсын нийт хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.3 жил байна. Дундаж наслалтын зөрүү нь 9.4 жил байна. Дундаж наслалтын зөрүү нь аль ч улс оронд байдаг хэдий ч манай улсад дэлхийн дундаж үзүүлэлтээс 2.5 дахин их байна. Энэ нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнд тулгамдсан асуудал болж байгааг харуулж байна.
2. Эрэгтэйчүүдийн нас баралт
Эрэгтэйчүүдийн нас баралт 2012 оны байдлаар бүх насны бүлэгт эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр төдийгүй 10000 хүн ам тутамд 75.8 эрэгтэй, 44.3 эмэгтэй нас баржээ.
- Зүрх судасны тогтолцооны өвчний нас баралт: Манай оронд жилд дунжаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд байна. Нас баралтын шалтгааныг эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад зүрхний шигдээсээр 3.1, даралт ихсэх өвчнөөр 2.3, тархины цус харвалтаар 1.7 дахин их байна.
- Осол гэмтэл, гадны шалтгаант нас баралт: Осол гэмтлийн улмаас жилд нас барж байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 3 дахин их, амиа хорлолт 7 дахин өндөр байна. Авто замын осолд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 4 дахин илүү өртдөг. Ялангуяа 15-64 насны эрэгтэйчүүдийн дунд осол гэмтлийн шалтгаант нас баралт тухайн насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад 5 дахин их байна.
|
Нас баралтын үзүүлэлт |
Эр |
Эм |
|---|---|---|
|
Нийт нас баралт |
75.8 |
44.3 |
|
Зүрх судасны тогтолцооны өвчин |
25.02 |
17.04 |
|
Осол гэмтэл гадны шалтгаант |
18.85 |
4.07 |
|
Хавдар |
14.74 |
10.67 |
- Хавдрын шалтгаант нас баралт: Нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүдийн нийт нас баралтын 45.6 хувийг хорт хавдар эзэлж байгаа нь тухайн насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1.5 дахин их байна. Ялангуяа эрэгтэйчүүдэд элэг, уушигны хорт хавдраар нас барах нь эмэгтэйчүүдээс 8.2-11.3 хувиар илүү байна.
3. Эрэгтэйчүүдийн амьдралын буруу хэвшил
Архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, зохисгүй хооллолт зэрэг амьдралын буруу хэв маяг, дадал зуршил эрэгтэйчүүдэд илүү байгаагаас халдварт бус өвчинд өртөмтгий байна.
Эрэгтэйчүүдийн архи, тамхи, давс, хөдөлгөөн болон, цусны даралт ихсэх өвчний талаарх мэдлэг, хандлага, дадал: Судалгаанд хамрагдсан хүн амын дийлэнх (95.3%) нь тэмдэглэлт өдрүүдээр архи согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэдэг ба найз нөхөд дарвиж архидах явдал хамгийн гол (89.5%) түгээмэл шалтгаан болж буй хэвээр байна. Архины хамааралтай болсныг илэрхийлэх шинж болох өглөө сэрэнгүүт архи уух нь 7.3 хувиар (хотод 7.1%, хөдөөд 8.49) буурсан боловч энэ дадал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс дөрөв дахин их, хөдөө орон нутагт хотоос их байна.
Тамхины хор хөнөөлийн талаарх хүн амын ойлголт ерөнхийдөө хангалттай байгаа хэдий ч хүн амын бараг тал хувь (49.3%), ялангуяа эрэгтэйчүүдийн дунд дам тамхидалтын хор нөлөөнөөс өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах эерэг хандлага дутмаг байна.
Илүүдэл жинтэй байх нь эрүүл мэндэд аюултай гэсэн эерэг хандлага хүн амын дунд нэмэгдэж байгаа боловч илүүдэл жинтэй байх нь эрүүл мэндэд “бага зэргийн аюултай” гэсэн хандлага эрэгтэйчүүдийн дунд байсаар байна.
Судалгааны хүрээний хүн амын 44.4 хувь ЦДИ-ийн талаар огт мэдэхгүй эсвэл сонссон төдий ойлголттой, уг асуудлаарх эрэгтэйчүүдийн мэдлэгийн түвшин эмэгтэйчүүдээс харьцангуй доогуур байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!