Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хяргас нууран дахь аварга амьтны мөрөөр

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 9
iKon.MN

Монголын Хяргас нуураас үе үе ил гардаг үл мэдэгдэх аварга биет амьтны нууцийг тайлахаар судалж байна. Өнгөрсөн зун Оросын хэсэг судлаачид энэ нууранд иржээ. Тэдний таамаглалаар энэ амьтан нь мөстлөгийн өмнө үеэс одоо хүртэл амьдарч байгаа аварга хэвлээр явагч байж магадгүй гэнэ.

Анхны томоохон мөрнүүдийг 80-аад оны дундуур Зөвлөлт-Монголын геологичид илрүүлж байжээ. Тэд хэд хэдэн удаа Хяргас нуурын ойролцоо ажиллах үеэрээ харьцангүй шинэхэн ийм мөрнүүдийг харжээ. Нуурын уснаас 1.5 км хүртэл зайнд үргэлжилж байсан нь тэдгээр амьтад нуураас гарч хэсэг хугацаанд элсэн дээр хэвтдэг байж болзошгүй гэнэ.

Өөр нэг таамаглал гэвэл эдгээр нь газар дээрх амьтны үлдээсэн мөр, эсвэл хүмүүсийн гараар хийгдээд орхигдсон байж болзошгүй гэсэн саналууд гарчээ. Усны давалгаа болон салхиар ийм мөр яав ч үүсэхгүй. Гэхдээ энэ бүх таамаглалын эцэст амарч байсан геологичид шөнө нуурын дундаас ямар нэг амьтны архирах чимээ сонсчээ.

Харин энэ зун хэсэг сонирхогчид судлаачид зохиолч, нийгмийн идэвхтэн Игорь Гришинээр удирдуулан ирцгээжээ. Оросууд хамгийн сүүлийн үеийн дуу авиа хэмжигч зэрэг сайн техникээр тоноглогдсон байлаа.

Гришиний хэлж байгаагаар эдгээр техникээр нуурын ёроол дахь ул мөрийг газар дээрхтэй нэгэн адил илрүүлж болох гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар мөрнүүд нь янз бүрийн хэмжээтэй хэд хэдэн амьтан, мөн нэг амьтны биеийн янз бүрийн хэсгүүдээр үүссэн байх боломжтой ажээ.

Үүнээс гадна, мөрнүүдийн хавьцаа зөвхөн амьтад үүсгэж чадах чулуулгийн бөөгнөрөл олжээ. Бичиг баримтаас үзвэл эртний усны амьтад, жишээ нь плезиозаврууд, чулуу залгидаг байсан ба ингэхгүйгээр тэд идсэн хоолоо боловсруулж чаддагүй байжээ.

 2010 онд ирсэн судлаачид мөрнүүдээс гадна зарим нэг ясны үлдэгдэл олсон нь Монголын хаана ч байхгүй амьтных байсан гэнэ.

Гришин хэлэхдээ ”Бид соёо шүдний оромтой загастай зөндөө таарч байсан. Харин сонирхолтой нь энэ нууранд Алтайн осман гэдэг огт шүдгүй ганцхан зүйлийн загас байдаг юм” гэжээ.

Хяргас нуурын эзэн үнэхээр эртний аварга хэвлээр явагч байж магадгүй гэж судлаачид дүгнэж байна. “Валдай” Үндэсний паркын судлаач, зоологич Валерий Николаевын тайлбарласнаар, энэ амьтан мөстөлтийн өмнө үеэс өнөөг хүртэл тэсч үлдсэн байж болно.  Учир нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас, тэр дундаа Төв Азийн хэсэг мөсөөр бүрхэгдэлгүй хоцорсон байж болзошгүй. Монголын энэ хэсгийн нуурууд эртний тэнгисийн хэсэг байсан бөгөөд энэхүү оньсого болсон аварга амьтныг авч үлдсэн байж болох талтай гэнэ.

Эх сурвалж: "Голос России"