Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хашгирсан тод өнгө энэ хаврынх

Г.Ундрам, Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 6
Өдрийн шуудан
Зураг зураг
Хашгирсан тод өнгө энэ хаврынх

Энэ хавар болон ирэх зун загварын чиг хандлагад ямар өөрчлөлт орж байгааг хүүхнүүд байнга анхаарч байдаг.

Хэчнээн өөрийгөө моод хөөдөггүй хэмээн хайхрамжгүй дүр үзүүлж хааш яашхан хувцасладаг ч энэ тухай мэдээлэл байхад анзаарч уншихгүй өнгөрөх бүсгүй үгүй л болов уу. Тиймээс бүсгүйчүүдээ анхаарлаа хандуулаарай.

Цас ханзарч цаг наашилсан ч юу юугүй өвлийн дээлээ тайлаад нимгэн хөнгөн явж болохгүй байгаа ч тун удахгүй дулаарах тул энэ хавар юугаар гангарахаа одооноос бодох ёстой байх. Дэлгүүр хоршоогоор явахдаа загварын ямар хандлага энэ хаврын өнгийг тодорхойлохыг мэдэж байж сонголт хийх нь зөв.

ТОД ӨНГӨ

Ер нь энэ хавар, ирэх зуны загварт өнгөний сонголт чухал байхыг дэлхийн том том загварын агентлагийнхан онцолж байна. Бараан, бүгээн өнгөнөөс татгалзаж хашгирсан тод өнгөтэй хүрэм, пальто сонговол та тун ч моодны харагдах гэнэ. Хүрэм, пальто тод өнгөтэй байдаггүй юм гэхэд түүн дээр зүүх алчуур, гартаа барих бээлий, цүнхнийхээ өнгийг ялгарахаар сонгож болно.

Нэг үгээр бүгд нэг өнгийн уйтгартай байдлаас энэ хавар бүсгүйчүүд татгалзах нь зөв гэнэ. Түүнээс гадна хувцасны материалын хувьд бие дагаж унасан зөөлөн, загварын хувьд чөлөөтэй сул тал руугаа байх аж. Ингэлээ гээд хуучин хувцаснуудаа гаргаж бүгдийг шинээр сэлбэх гэж бүү яар.

Эвхээд далд хийхдээ эхлээд бүгдийг нь нарийн хар. Магадгүй таны өмсөхгүй гэсэн хувцас дунд торон нэхээстэй дэгжин цамц, энгэр ханцуйдаа сүлжмэл оруулгатай гайхалтай даашинз байх ч юм бил үү.

Тэгвэл энэ хаврын моодтой тун ч сайн зохицно шүү. Мөн барын эрээн, тахийн алаг өнгө урьд жилүүдийн адил сонголтын эхний байраасаа ухраагүй л байгаа юм билээ.

БОГИНО ШООРТ

Дэлгүүрээр явахад тань дэгжин загвартай богинохон шоорт таарвал гар таталгүй ав. Учир нь энэ хавар ч, ирэх зун ч ийм шоорт моодонд байна. Тэр тусмаа зуны халуунд үүн шиг таатай хувцас ховор. Гэхдээ суудал өндөртэйг сонгох хэрэгтэй гэнэ.

Ташаан дээрээ хаячихаад явдаг намхан суудалтай шоорт халаагаа өгсөн гэнэ шүү. Хамгийн гол нь ийм загвар бүсэлхий нарийхан гоолиг бүсгүйчүүдэд илүү зохих тул махлаг мариалаг хүүхнүүд яг одооноос дасгал хийж галбиртаа анхаарах хэрэгтэй болох нь.

Мөн энэ улиралд спорт хэв загварыг сонгодогтой хослуулсан хувцаснууд их л эрэлттэй байх бололтой. Теннисний гэж биеийн хэлбэр харуулсан хэрнээ хормой нь сул дэрвэгэр даашинз, сагсан бөмбөгчдийн өмсгөл, биеийн тамирын өмд зэргээр гоёчихоод зугаалж явахад тун дэгжин харагдана гэдгийг загварынхан дуулгаж байна.

Хашгирсан тод өнгө энэ хаврынх

ЦЭЦГЭН ЧИМЭГЛЭЛ

Энгийн даруухан даашинз, ноосон цамц аль алийг нь жижигхэн хөөрхөн цэцгээр чимчихэд их л дэгжин болно. Энэ хаврын хувцасны загварт том жижиг цэцгэн хээ, чимэглэл томоохон байр эзлэх аж. Тиймээс цэцгэн хээтэй алчуур сэлт харагдвал авчихад гэмгүй бололтой.

Бас цацагтай хүрэм, цамц, бүр гутал ч байсан моодноос хоцроогүй харагдахыг анзаараарай. Мөн том ноосон алчуур, нөмрөг нимгэн хүрэмнийхээ оронд хэрэглэвэл ганган харагдана. Бас чамгүй эмэгтэйлэг дүр төрхийг бий болгодог гэдгийг ч мартаж болохгүй.

ЗАДГАЙ ЭНГЭР

Эмэгтэйчүүдэд зориулан гоёл урладаг дизайнерууд энэ хавар, ирэх зуны даашинз, цамц зэрэг хувцасны энгэрийг нэлээн задгай байлгах бололтой. Бүсгүй хүний бие галбирыг тодотгож өгдөг хөх, бүсэлхий зэрэг илүү тод, илүү ганган харагдахаар байхыг бодолцож буй гэнэ.

Тиймээс хувцасны энгэр V хэлбэртэй байх нь илүү дэгжин хэмээн тооцжээ. Ийм энгэртэй даашинзны хормой дэрвэгэр нэг үгээр Мерилин Монрогийг алдартай цагаан даашинзтай адил загварыг хүүхнүүдэд санал болгож буй юм байна. Түүнээс гадна энэ хавар мөрөвчтэй өмд, гэхдээ жийнс биш нь чамгүй эрэлттэй байх бололтой.

Бие дагаж унасан нимгэн хөнгөн материалтай өмдний түрий өргөн тусмаа ганган харагдана. Бас суудал нь өндөр байхыг анхаараарай.

Уртын хувьд стандарт биш байх тусмаа дэгжин байна. Өөрөөр хэлбэл, урт ч биш бас богино ч биш нэг үгээр шагайнаас жаахан дээгүүр байх нь ямар ч гуталтай гайхалтай сайхан зохицно.

Зураг