Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Жуулчдын урсгалыг татах “Ай Ти Би Берлин-2015” үзэсгэлэнгийн түнш орон болно

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 5-8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо болох “Ай Ти Би Берлин-2014” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, “Берлиний олон улсын эдийн засгийн конгресс-2014” зөвлөгөөнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлийн хамт оролцохоор явжээ.

“Ай Ти Би Берлин-2014” олон улсын үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын компаниуд, тур оператур болон агаарын тээврийн компаниуд оролцож байгаа аж.

Монгол Улс уг арга хэмжээнд 1999 оноос хойш албан ёсоор, төр хувийн хэвшлийн хамтарсан зохион байгуулалттай тогтмол оролцож ирсэн юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 183 дугаар тогтоолын дагуу ХБНГУ-ын Берлин хотноо “Ай Ти Би Берлин-2015”-д түнш орноор оролцох хоёр талын гэрээнд гарын үсэг зураж аж.

 “Ай Ти Би Берлин”-д Түнш орноор сонгогдсоноор:

  • Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, сурталчилгааг нь өргөн хүрээнд дэмжих ач холбогдолтой.
  • Олон улсын болон дотоодын бизнесийн түүнчлэн олон нийтийн компанит ажилд Монгол Улс хамрагдана.
  • Түнш орноор оролцсоноор тухайн оронд ирэх жуулчдын урсгал 20-30 хувь нэмэгддэг гэсэн судалгааны дагуу Монгол Улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр аялал жуулчлалын салбараас Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр нэмэгдэж эдийн засгийн бүхий л салбарт эерэг үр дүн гарах юм.
  • Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болон дээд хэмжээний хүлээн авалтын үеэр Монгол Улс үзэсгэлэнгийн Түнш орноор сонгогдсон талаар бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлана.
  • “Ай Ти Би Берлин”-д түнш орноор оролцох ач холбогдол нь зөвхөн дараа жил нэмэгдсэн жуулчдын тоогоор хязгаарлагдахгүй бөгөөд Монгол Улсын гадаад сурталчилгааны брэнд, дүр төрхийг бүрдүүлэх улмаар олон улсад таниулах, аялал жуулчлал, соёл урлаг, зам тээвэр, хөдөө аж, ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бүхий л салбаруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой юм.