Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

1000 амьд төрөлтөд 247 үр хөндөлт ногджээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн гуравугаар сарын 8-нд тохиодог. Энэ өдрийг баяр гэхээсээ илүүтэй эрхээ хамгаалах, хамгаалуулах эрхтэй гэдгээ сануулах өдөр болгон тэмдэглэхийг НҮБ-аас уриалсан билээ.

Тэгвэл тус өдрийг угтан Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Бриллиант” клуб хамтран өнөөдөр охидын эрүүл мэндийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Үр зулбуулах баталгаагүй эм, тариа хэрэглэсний улмаас 2013 онд дөрвөн эмэгтэй амиа алджээ

Хэлэлцүүлгийн зорилго нь өсвөр насны охид, бүсгүйчүүдэд үр хөндөлтийн хор уршиг, хүсээгүй жирэмслэлтийн талаар мэдээлэл олгох бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгийн чанар стандартын тухай санал солилцох байсан.

Хэлэлцүүлэгт оролцсон охидын дийлэнх нь "Эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгийн төлбөр өндөр байдаг хэрнээ эмчилгээ үйлчилгээ муу, зориулалтын байр савгүй аль нэг орон сууц, конторын нэг өрөө түрээслэх маягаар үйл ажиллагаа явуулдаг"  гэж дурдаж байв.

Гэсэн хэдий ч үйлчлүүлсэн хэвээр байдаг гэнэ. Учир нь улсын эмнэлэгт хандах гэхээр оочир дарааллаас өгсүүлээд цаг хугацаа их шаарддаг гэлээ. Иймд хүндрэл чирэгдэл багатайг нь бодоод хувийн эмнэлэг барааддаг аж.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэсийн мэргэжилтэн Н.Болормаа хэлэхдээ “Охид хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс өөрийгөө хамгаалах олон боломж бий. Чанар стандартад нийцсэн эм, ерөндөг зэргийг баталгаат газраас аваад хэрэглэх боломжтой.

Өнөөдөр үр хөндөлтөөс болж олон сөрөг үр дагаварч гарч, зарим охид амь насаа алдаж байна. Үр хөндөлт ойрын болон холын маш олон сөрөг үр дагаварууд далладаг. Тухайлбал, цус алдах, умай цоорох, халдвар авах, дахин жирэмслэхэд хүндрэл үүсэх, үргүй болох зэргийг нэрлэж болно” гэсэн юм.

 Түүний хэлж буйгаар үр зулбуулах баталгаагүй эм, тариа хэрэглэсний улмаас 2013 онд дөрвөн эмэгтэй амиа алджээ. Түүнчлэн 1000 амьд төрөлтөд 247 үр хөндөлт ногдож байгаа бөгөөд үүнийг олон улсын жишигтэй харьцуулахад өндөр үзүүлэлт гэнэ.  

Тоон мэдээ /хамгийн сүүлд хийсэн судалгаанаас/

  • 2012 онд 1000 эмэгтэй тутмын 544 нь жирэмснээс хамгаалах эм хэрэглэсэн. 
  • 2012 онд нийт үр хөндөлтийн 47.8 хувь буюу 8823 нь хувийн эмнэлэгт үр хөндүүлсэн.
  • Эмэгтэйчүүдийн 120 гаруй хувийн эмнэлэг байдаг ч тэдний 10 гаруй нь л үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй.
  • 2002-2005 онд жилд дунджаар 9000 эмэгтэй үр хөндүүлсэн бол 2007, 2011, 2012 онд 15800-17500 эмэгтэй үр хөндөлт хийлгэсэн. Энэ нь урд өмнө байгаагүй их тоо аж.
  • 2000 онд 10000 эх тутамд ногдох эхийн эндэгдэл 158 байсан бол 2012 онд 50 болж гурав дахин буурсан.
  • Манай улсын нийт хүн амын 50 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд үүний 17.4 хувийг өсвөр насны охид эзэлдэг.