Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путин цэргүүдээ бэлэн байдалд оруулав

Н.Мөнхжин
2014 оны 2 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг
В.Путин цэргүүдээ бэлэн байдалд оруулав

ОХУ-ын лидер Владимир Путин төвийн болон баруун бүс дэх цэргийн анги нэгтгэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулах зарлиг гаргалаа.

Зарлигийн хүрээнд цэргийн хээрийн сургууль хийх юм. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэргийн дээд удирдагчидтай уулзах үеэр дээрх зарлигийг танилцуулсан байна. Зэвсэгт хүчний дээд командлагчийн тушаалаар төв, баруун бүс болон Агаарын хүчний зарим анги нэгтгэлүүд байлдааны бэлэн байдалд шилжиж байгаа аж.

“ОХУ Хар тэнгисийн Крым дахь тэнгисийн цэргийн баазынхаа байгууламж, зэвсгийн агуулахын аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авч байна” хэмээн Шойгу хэллээ.

Крымын парламент Украины шинэ лидеруүдийг дэмжих эсэх асуудлаар санал хураахаар болжээ.

Крым болон Хар тэнгисийн флотын эргэн тойронд юу болж байгааг Москва анхааралтай ажиглаж байна. Кремлийн тэргүүн цэрэг, армийнхаа байлдах, улс оронд нүүрлэж буй аюул заналхийллийн үед нөхцөл байдлыг шийдвэрлэх бэлтгэл, чадварыг шалгахын тулд ийм шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэв.

Ерөнхийлөгчийн зарлиг Украинд өрнөж буй үйл явдалтай хамаагүй хэмээн Батлан хамгаалахын сайд нь хэлж байна. 150 мянга орчим цэрэг оролцох энэхүү хээрийн сургуулийг эртнээс төвөвлөсөн байсан хэмээн ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Анатолий Антонов мэдэгджээ.

В.Путиний гаргасан зарлиг хоёр үе шаттай хэрэгжинэ хэмээн Шойгу анхааруулав. Эхний шатанд буюу хоёр өдрийн дотор цэргээ гаргаж тараана. Хоёрдугаар шатанд, газар, агаарт цэргийн хээрийн сургууль хийж ирэх сарын 3-нд дуусах юм. Хээрийн сургуульд оролцсон цэргүүд гуравдугаар сарын 7 гэхэд бүгд анги, нэгтгэлдээ буцаж очсон байна гэж Батлан хамгаалахын сайд онцлов.

Цэрэг, армийн бэлэн байдлыг гэнэт шалгадаг зөвлөлтийн үеийн аргыг Путин 2013 онд сэргээсэн юм. Өнгөрсөн онд гэнэтийн шалгалтыг таван удаа явуулж байсан бөгөөд өрнөдийнхэн үүнийг “Оросууд сүр хүчээ гайхуулж байна” хэмээн үздэг билээ.

ОХУ-ын цэргийн өрнөд фронт Украинтай хил залгадаг. В.Янукович Киевийг орхин гарснаас хойш Кремлийн тэргүүн Украин улсын талаар ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Гэвч тэрээр Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярилцахдаа, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал хадгалагдах ёстой гэдэгт санал нийлсэн юм.

Украйнд байдал эвгүйтвэл орос хэлтэй иргэдийн ашиг сонирхлыг хамгаална гэдгээ цэргээ хөдөлгөж, хээрийн сургууль хийж илэрхийлж байна хэмээн зарим улс oрон үзэж байгаа ажээ.

АНУ болон Европын зарим гүрэн Украинд гадаадын цэрэг орохыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. ОХУ хөрш орныхоо дотоод хэрэгт оролцохгүй гэдгийг өндөр тушаалын түшмэд нь мэдэгдсэн билээ. Гэвч орос хэлтэй иргэд давамгайлдаг Украины зүүн хэсэг, тэр тусмаа Крымийн хойгийн ард түмэн Киевийн шинэ эрх баригчдын зүгээс гадуурхсан, хавчсан үйлдэл ирэх вий хэмээн болгоожилж байна.

Оросын цэрэг, армийн хээрийн сургууль Украинд өрнөж буй төр солигдолт, эмх замбараагүй байдалтай давхацсан нь өрнөдөд багагүй хардлага, сэрдлэг дагуулж байна. Украинд байдал эвгүйтвэл орос хэлтэй иргэдийн ашиг сонирхлыг хамгаална гэдгээ цэргээ хөдөлгөж, хээрийн сургууль хийж илэрхийлж байна хэмээн зарим улс oрон үзэж байгаа ажээ.

Крымын Симферопольд уржигдар Орос болон Украины талыг баримтлагчдын хооронд мөргөлдөөн дэгдэж, хэдэн мянган хүмүүс мод, чулуугаар байлджээ. Үүний улмаас нэг хүн олны хөлд дарагдаж амь нaсaa алдсан хэмээн мэдээлж байна. Хоёр талын лидерүүд гарч мөргөлдөөнийг намжаасан аж. Крымын парламент Украины шинэ лидеруүдийг дэмжих эсэх асуудлаар санал хураахаар болжээ.

Зураг