Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Хэрэгтэй, хэрэггүй юм авахаа л больчих

Ч.Болортуяа
2014 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Н.Золжаргал "Хугацааны хувьд л саармагжуулах ажил хийх боломжтой"

Ерөнхий сайд пүрэв гариг бүрт мэдээлэл хийдэг 30 минутын уулзалтаараа хамгийн халуун сэдэв болоод байгаа валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай хамт мэдээлэл хийв. 

Ерөнхий сайд "2013 онд ч нөхцөл байдал тийм ч сайн байгаагүй. Нүүрсний үнэ буурсан. Хятадын эдийн засаг таатай байгаагүй. Харин энэ үед бид дотооддоо өөрсдийн бодлогыг боловсруулж, эдийн засгаа дэмжсэнээр 12 хувийн өсөлттэй гарч чадсан. Энэ онд ч гэсэн бид дотоодын эдийн засгаа гадны зах зээлээс үл хамаарч дэмжих бодлогоо бариад эхэлсэн. Дотоодод үйлдвэрлэж болж байгаа зүйлээ гаднаас авахаа л больчих хэрэгтэй. Одоо бид дотоодын үйлдвэрлэлээ л дэмжих хэрэгтэй байна" гэв.

Н.Алтанхуяг: Дотоодод үйлдвэрлэж болж байгаа зүйлээ гаднаас авахаа л больчих хэрэгтэй

Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал "Одоо байгаа валютын ханш бол зах зээлийн жамаараа тогтож байна. Энэ оны эхний сарын гадаад худалдааны алдагдал багасч эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийг авчирч байна. Тиймээс бид ханшийн өсөлт дээр хугацааны хувьд саармагжилт хийх боломжтой" гэлээ. 

Ноён Н.Золжаргалаас "Гадаад худалдааны алдагдал багасч байгаа нь манай импорт буурсантай холбоотой. Харин импортын бүтцийг харахаар үйлдвэрлэлийн орц, нефтийн бүтээгдэхүүн багассан нь манай дотоодын эдийн засаг саарч, агшиж байгаа хэрэг биш үү" гэж асуухад "Алдагдал гэдгийг алдагдлаар л харах хэрэгтэй. Алдагдал багасч байна гэдэг чинь манай эдийн засаг тогтворжиж ирэхийн шинж. Нөгөө талаар хөрөнгө оруулалт ч нэмэгдэх хандлага их болно гэж үзэж байна" гэлээ. 

Монголбанк болоод Засгийн газрын зүгээс ам.долларын ханшийн өсөлттэй гол тэмцэх арга нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, хэрэгцээгүй зардлаа танахыг л зөвлөж байна. 

Н.Золжаргал: Алдагдал багасч байна гэдэг чинь манай эдийн засаг тогтворжиж ирэхийн шинж

Мэдээж манай улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанк хэд хэдэн арга хэмжээ авч байна. Үүнээс хамгийн их найдвар төрүүлж байгаа нь алтны нөөцийг нэмэгдүүлэх. Шинэчлэгдсэн Ашигт малталын тухай хуулиар Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж байна. 

2014 онд дунджаар 11.4 тонн алт олборлох төлөвлөгөө гарсан. Энэ нь валютаар 500 орчим сая ам.доллартай тэнцэж байгаа юм. Мөн "Оюу Толгой" төслийн алтны олборлолтыг Монголбанкинд тушаах хэлэлцээр амжилттай болвол 1,1 тэрбум ам.доллартай тэнцэх алт Монголбанкинд тушаагдах юм байна. 

Яг өнөөдөр манай улсын валютын нөөц 2,4 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 40 орчим хувийн бага үзүүлэлт. 

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан албан ханш 1783.94 төгрөг байна. Харин хар зах дээр ам.долларыг 1787.00 төгрөгөөр авч 1790.00 төгрөгөөр зарж байна. 

Албан ханшийн график:


Хар захын мэдээллийг ЭНД-с харах боломжтой.