Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Цэнхэр сар” галерейд цэцэг дэлгэрээд эхэлжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 25
iKon.MN

Дэлхий ээж номин ногоон нөмрөг, алаг цэцэгсээ дэлгэхэд наандаж хоёр сар дутуу байна. Гэхдээ таны харааг булааж, сэтгэлийг тань баясгах өнгө өнгийн цэцэгс “Цэнхэр сар”/Blue Moon/ галерейд хэдийнэ “дэлгэрчээ”.

Учир нь “Цэнхэр сар” галерейн хамт олон ирэх сард тохиох Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан “Цэцэгс” үзэсгэлэнг нээсэн юм.

Үзэсгэлэнд 50 орчим уран зураачийн 90 гаруй бүтээл тавигдсан бөгөөд бүтээлүүд бүгд цэцэгсийн тухай өгүүлж, уран зураач бүрийн бусдаас ялгарах онцлог шинжийг тус тусдаа агуулсан байсан.

Бүтээлүүдийг усан будаг, тосон будаг, гуашь, хулдаасан бар, баримал, батик, бэх, пастель, эсгий, арьс зэргээр урласан байв.

Ахмад үеийн уран зураач Ч.Эрдэнэбат гуай ч энэ үзэсгэлэнд бүтээлээ дэлгэжээ. Түүнтэй цөөн хором хуучиллаа.

-“Цэцэгс” уран зургийн үзэсгэлэнд 90-ээд бүтээл байна. Таны хувьд хэчнээн уран зурагтай оролцож байна вэ?

-Би энэ үзэсгэлэнд гурван бүтээлтэй ирлээ. Үзэсгэлэн үнэхээр сайхан уур амьгалтай болж олон ч хүн үзэж, харж , сонирхож байна шүү.

-50 гаруй уран зураачид нэгдсэн гэж сонслоо. Мэдээж үе үеийн төлөөллүүд багтсан байх.

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн ахмад зураач нь манай Энх-Амгалан гуай байгаа бол хамгийн залуу нь “Цэнхэр сар” галерейн захирал Тэмүгээ гээд хүү байна.

Хэмжээ, хийц зэргээсээ хамаараад дээд тал нь 800 мянга, доод тал нь 400 орчим мянган төгрөгөөр энд буй зурагнаас авч болох аж.

-Сонсож байхад энд тавьсан уран зургуудыг худалдаж авах санал нэлээд ирж байгаа юм байна. Зураачид маань бүтээлээ хэд орчим төгрөгөөр үнэлж байна?

-Ер нь бол маш боломжийн үнэ санал болгож байгаа. “Цэнхэр сар” галерейн зүгээс ч бидэнд боломжит үнийн санал тавихыг зөвлөсөн. Хэмжээ, хийц зэргээсээ хамаараад дээд тал нь 800 мянга, доод тал нь 400 орчим мянган төгрөг гэж байлаа. 

Цэцэгсийн сайхныг мэдрүүлсэн “Цэцэгс” үзэсгэлэн ирэх сарын 10-н хүртэл нээлттэй бөгөөд өөрийн сэтгэлд нийцсэн бүтээлээ зураачаас нь худалдан авах боломжтойг “Цэнхэр сар” галерейн менежер Ц.Солонгоо дуулгасан юм.