Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцтай холбоотой гомдол буурчээ

ikon.mn
2014 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн 14 хоногт Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд иргэд, байгууллагаас ирсэн гомдлын талаар Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр мэдээлэл өглөө.

02 сарын 08-наас 02 сарын 22-ны хооронд Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд 107 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирүүлснээс  зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж  100 хувь шийдвэрлэжээ.

Ирсэн нийт санал хүсэлтийн 46.7 хувийг орон сууцтай холбоотой, 42 хувийг цахилгааны доголдолтой холбоотой  асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 2 хувиар, орон сууцтай холбоотой гомдол 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй  байна.

Харин Нийслэлийн цагдаагийн газар 2014 оны 02 дугаар сарын 6-20-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 20268 мэдээ,  мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 1625 нэгж буюу 7.4 хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй 586 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 85 нэгж буюу 17.0 хувиар өссөн талаар Нийслэлийн цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар мэдээллээ.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын  2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийг байгуулсан байна. Тус хэлтсийн даргаар цагдаагийн хурандаа О.Болдсайхан томилогджээ.

Гуравдугаар  хэлтэс нь Сонгинохайрхан дүүргийн орон сууц гудамжны 12, 13, 14, 15, 16, 17, 23, 29, 30, 31 дүгээр хороодыг хариуцан 67000 гаруй хүн амд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг хүргэж байна. Офицер 55, ахлагч 33, нийт 88 цагдаагийн алба хаагчын бүрэлдэхүүнтэй, 4 энгийн гэрээт ажилтны орон тоо батлагдан ажил үүргээ гүйцэтгэж байгаа аж.