Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: Чанаргүй барилга хүлээж авдаг Улсын комисс, Үнэлгээний хорооны гишүүдийг олон нийтэд шууд зарла

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар UB TOWN, WIZARD ХХК-ийн бохирын усны шугамын талаар гарсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг тус дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр дэх UB TOWN-ны бохир ус нь халиад нэг сарын нүүр үзэж байгаа талаар нийслэлийн удирдлагуудад уламжилж, яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн юм. 

Төсөлдөө хариуцлагагүй хандсан аж ахуйн нэгжүүдтэй дахин хамтран ажиллахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе.

UB TOWN барилга нь 1-5 давхар орон сууц барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дагуу хоногт 2700м3 ус хэрэглэхээр нэгдсэн техникийн нөхцөл авсан.

Гэвч уг нөхцөлөө зөрчиж 5-15 давхар 3 ширхэг орон сууцны барилгууд баригдаж усны хэрэглээ нь 2-3 дахин нэмэгдсэн боловч шугам сүлжээ, насос станцыг өргөтгөж шинэчлээгүй байна. 

Шугам сүлжээний ачаалал нэмэгдэж, чанаргүй, зориулалтын бус шугам сүлжээ тавьснаас шалтгаалан өнөөдрийн нөхцөл байдалд хүрчээ. Тухайн үед барилгын гүйцэтгэгчээр “Боорчи” ХХК ажиллаж, захиалагчийн хяналтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тавьж ажиллажээ.

Гэвч хууль, журам зөрчин, чанарын шаардлага хангаагүй шугам сүлжээтэй уг барилгыг Улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсан байна. 
Өнөөдрийн байдлаар шугам сүлжээ нь хөрсний даралтад орж хэлбэрээ алдсан зарим худгууд дарагдсан, усаар дүүрсэн, цоорч цөмөрсөн, хайрга шороо хог орж бөглөрсөн гээд хэвийн ажиллагаанд оруулахад хүндрэлтэй байгааг албаныхан хэлж байна.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга “Анх авсан техникийн нөхцөлөө зөрчиж олон давхар барилга барьсан байхад Улсын комисс хүлээж авсан байна. Тухайн үед захиалагчийн хяналт тавьж ажилласан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ч маш хайхрамжгүй хандсан нь эндээс харагдаж байна.

Гэтэл өнөөдөр хариуцлагагүй, сэтгэлгүй ажилласан эдгээр хүмүүсээс шалтгаалан иргэд хохирч байгаа нь харамсалтай. Бид цаашдаа ийм бусармаг үйлдэл хийдэг хүмүүстэй хамтарч ажиллахгүй. Тиймээс ер нь тендер, төсөл будлиантуулдаг, хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлж чанаргүй барилга, байгууламж хүлээж авдаг Улсын комиссын бүрэлдэхүүн, Үнэлгээний хорооны гишүүдийг олон нийтэд шууд зарла.

Нийслэл төсөлдөө хариуцлагагүй хандсан аж ахуйн нэгжүүдтэй дахин хамтран ажиллахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе” гэлээ.