Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн барилга байгууламжууд

Б.Зүчи, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 6
Өдрийн шуудан

Өвлийн олимпийн XXII наадамд 88 орны 2500 гаруй тамирчин спортын 15 төрөлд өрсөлдөх бөгөөд нийт уралдаан тэмцээнүүд 11 ордонд зохион байгуулагдана. Ингээд олимпийн барилга байгууламжийг танилцуулья.

ФИШТ

Фишт стадион 40 мянган хүний багтаамжтай

Нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болох цэнгэлдэх хүрээлэнд Кавказын нурууны баруун этгээдийн хамгийн өндөр оргил, далайн түвшнээс 2857 м-ийн өндөрт орших Фиштийн нэрийг хайрлажээ. Уг байгууламж 40 мянган хүний багтаамжтай бөгөөд 2007 оноос барилгын ажил нь эхэлж, 2013 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсон юм. Уг барилгыг АНУ-ын “Популоус” компани зургийг нь гарган гүйцэтгэсэн, Тус компани нь Лондон хотын “Уэмбли”, “Эмирайтс”, “Уимблдон”, Австралийн “ANZ” АНУ-ын Ныо-Йорк хотын “Янки”, Майами хотын “Сан Лайф”, Чикаго хотын “Юнайтед центр” зэрэг цэнгэлдэх хүрээлэнг, спортын ордныг барьсан туршлагатай. Сочигийн олимпийн дараа “Фишт” цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоог 45 мянгад хүргэх бөгөөд 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ нэгээс хоёр тоглолтыг хүлээж авахаар болоод байгаа юм. Уг цэнгэлдэхийг барьж байгуулахад ойролцоогоор 778.7 сая ам.доллар зарцуулжээ.

БОЛЬШОЙ

Большой стадион 12 мянган үзэгчийн суудалтай

Энэхүү ордонд олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээн, эмэгтэйчүүдийн алт болон хүрэл медалийн тоглолт болох аж. Усны хөлдсөн дусал мэт хэлбэртэй “Большой” ордон 12 мянган үзэгчийн суудалтай. Барилгын ажил нь 2009 оны эхээр эхэлж, 2013 оны дөрөвдүгээр сард дууссан. Өнгөрсөн жил дөрөвдүгээр сард хоккейн өсвөрийн ДАШТ-ийг хүлээн авч байжээ. Олимпийн дараа ордныг спорт, концерт, олон нийтийн зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн байна.

ШАЙБА

Шайба стадион 7000 хүний суудалтай

Хоккейн “Большой” ордноос ердөө 300 метрийн зайд орших “Шайба” цэнгэлдэх хүрээлэнд эмэгтэйчүүдийн хоккейн тоглолтуудын дийлэнх, эрэгтэйчүүдийн урьдчилсан болон шөвгийн наймын тус бүр нэг тоглолт болох хуваарьтай. 7000 хүний суудалтай уг угсармал ордныг олимпийн дараа өөр хот руу шилжүүлэх аж. Энэхүү ордны барилгын ажил 2010 онд эхэлж, яг жилийн өмнө дууссан. “Шайба” цэнгэлдэх хүрээлэнг барихад 35.5 сая ногоон зарцуулжээ.

ЛЕДЯНОЙ КУБ

Ледяной куб стадион 3000 суудалтай

30 х 60 м хэмжээтэй, дөрвөн давхар, 3000 суудалтай “Мөсөн шоо” төвд олимпийн наадмын кёрлингийн тэмцээнүүд зохион байгуулагдана. Энд кёрлингийн дөрвөн ч талбай бий бөгөөд бэлтгэл хийх орчин орчноор бүрэн хангагдсан. “Сочи 2014”- ийн дараа мөсийг нь Москва руу зөөж, зуны спортын цогцолбор болгохоор төлөвлөөд байна. Барилгын ажил гурван жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд 2012 онд ашиглалтад орсон. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард энэ ордонд кёрлингийн залуучуудын ДАШТ болжээ.

АЙСБЕРГ

Айсберг стадион 12 мянган хүний багтаамжтай

Орчин үеийн архитектурын шийдэл, технологийн дэвшлийг харуулсан бүтээл гэж болох “Айсберг” ордонд уран гулгалт, шорт-трекийн тэмцээнүүд болно. Энэхүү ордон нь 12 мянган хүний багтаамжтай бөгөөд богинохон хугацааны дотор мөсний температураа өөрчилж, бусад төрлийн тэмцээн уралдааныг ч хүлээж авах бололцоотойгоороо бусдаас онцлог. Тус ордонд 2012 оны арванхоёрдугаар сард уран гулгалтын Гран-пригийн шигшээ тэмцээн, энэ жилийн ОХУ-ын АПГГ, 2013 оны хоёрдугаар сард шорт-трекийн Дэлхийн цомын тэмцээнийг хүлээж авч байв. Олимпийн дараа байгууламжийг өөр хот руу нүүлгэж магадгүй.

Зураг