Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Сочи -2014" өвлийн олимпийн сонирхолтой баримтууд

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 6
iKon.MN

Энэ баасан гаригт буюу хоёрдугаар сарын долооны өдөр хойд хөршийн Сочи хотноо Өвлийн олимп нээлтээ хийх гэж байна. Хоёрдугаар сарын 23-ны өдөр хаалтаа хийх өвлийн олимпод спортын 15 төрлөөр тамирчид өрсөлдөх юм.

Маргааш нээлтээ хийх Сочигийн олимпийн сонирхолтой баримтаас заримыг нь дурдая.

Олимпийн өртөг

1. Олимпийн өртөг. Сочигийн Олимп бол энэ наадмын түүхэнд гарсан хамгийн өртөг өндөртэй олимп юм. Сочигийн олимпийг зохион байгуулахад 50 тэрбум доллар зарцуулжээ. Харин анхандаа 12 тэрбум гэж төлөвлөж байв. Сочигийн олимпоос өмнө Ванкуверт болсон олимп гэхэд л ердөө найман тэрбум долларын зардалтай байжээ. 

Оролцогч орнууд

2. Оролцогч орнууд. Энэ удаагийн олимпод 88 орон оролцоно. Өмнө нь өвлийн олимпод ийм их оролцогч байгаагүй гэнэ. Түүнчлэн Парагвай болон Зимбабве улсын тамирчид анх удаагаа өвлийн олимпод оролцож байгаа юм байна. 

Тамирчдын тоо

3. Тамирчдын тоо. Энэ удаад дэлхийн томоохон орнууд тамирчдынхаа тоогоор манлайлж байгаа гэнэ. Оросоос 225 тамирчин, АНУ-аас 230 тамирчин оролцож байгаа бол Канадаас 220 тамирчин хүчээ үзэх юм байна. 

Олимпийн билэгдэл

4. Олимпийн билэгдэл. Сочигийн өвлийн олимпийн билэгдлээр Цагаан бамбарууш, туулай, ирвэсийг сонгожээ. Олимпийн билэгдэл сонгохын тулд Орос даяар уралдаан зарласны дүнд энэ гурван амьтан сонгогдсон гэнэ. 

5. Шинэ төрлүүд. Сочи -2014 өвлийн олимпод анхлан орж байгаа 12 шинэ тэмцээн байгаа гэнэ. Тэдгээрийн дунд уран гулгалтын холимог багийн тэмцээн, эмэгтэйчүүд трамплинаас үсрэх зэрэг төрлүүд багтаж байгаа юм байна. 

Челябинскд унасан солирын хэлтэрхий бүхий тусгай алтан медалиар энгэрээ мялаах гэнэ

6. Медаль. Хоёрдугаар сарын 15-ны өдөр алтан медалийн болзол хангасан тамирчид өнгөрсөн оны хоёрдугаар сарын 15-нд Челябинскд унасан солирын хэлтэрхий бүхий тусгай алтан медалиар энгэрээ мялаах гэнэ.

Медалийн нүнжиг

7. Медалийн нүнжиг. Медаль тус бүр 460-531 граммын жинтэй бөгөөд тус бүрийг нь үйлдвэрлэхийн тулд 18 цаг зарцуулагджээ. Диаметр нь 10 сантиметр байх энэ медалиуд хамгийн томд тооцогдож байгаа гэнэ. Олимпийн туршид 1300 медаль гардуулна.

Медалийн өртөг

8. Медалийн өртөг. Алтан медалиудыг мөнгөөр хийж алтаар бүрэх бөгөөд өртөг нь 6000 доллар юм байна. Дашрамд дуулгахад хамгийн сүүлд цэвэр алтан медаль гардуулж байсан Олимп бол 1912 онд Стокгольмд болсон олимп гэнэ.

Бамбар аялсан зам

9. Бамбар аялсан зам. Олимпийн бамбар Сочи хүртэл 65000 км аялсан нь мөн л дээд амжилт тогтоогоод байгаа гэнэ. Автомашин, онгоц, галт тэрэг тэр бүү хэл цаа бугатай хөсөг хүртэл ашиглан аялсан бамбар 2900 суурин газрыг дайран өнгөрч, бамбарыг 14000 хүн гараас гарт дамжуулжээ.

Сочи хот

10. Сочи хот Өвлийн олимпийг зохион байгуулсан хотуудаас хамгийн дулаан газарт тооцогдож байгаа юм. Энэ хотод тун ч дулаан байдаг бөгөөд өвөл Цельсийн 12 градусаас буух тохиолдол ховор гэнэ.