Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ходоод гэдэс хямарсан үед ХӨСҮТ-ийн 450491 дугаарт хандаарай

Э.Орхон
2014 оны 1 сарын 30
MorninigNews.mn
Cap шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буланг бэлтгэлээ

Cap шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буланг бэлтгэлээ. Элдэв баяр ёслолын үеэр бид хэт их идсэнээс болж ходоод гэдэс хямрах, хоолны хордлогод орох асуудал түгээмэл гардаг.

 Тиймээс ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Ч.Уртнасан дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хоол хүнснийхээ аюулгүй байдлыг хангаарай

Хоол хүнснээс хамааралтай гэдэс хямрах, хордлогод орох асуудал баяр ёслолын үеэр их гардаг.

Тиймээс аливаа эрсдэлийг бий болохоос нь өмнө сэргийлэх нь хамгийн чухал. Иймээс ил задгай, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ ч бүү худалдан ав. Эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан дэлгүүр, супермаркетаас гарал үүслийн баталгаажилттай, шинжилгээний бичигтэй, хадгалах хугацаа нь хэтрээгүй, сав баглаа боодол нь хонхойж, эвдрээгүй, хаяг шошготой, цэвэр, шинэ хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах нь эрсдэлээс сэргийлнэ.

Мөн худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүнээ ангилан түргэн гэмтдэг хүнсийг хөргөгчинд, эмх цэгцтэй хадгалах, нөөшилсөн хүнс, хиам зэрэг хүнсийг бөөнөөр нь авч, хөлдөөж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Салат, зуушаа бага, багаар бэлтгэж, тасалгааны хэмд биш хөргөгчинд тагтай саванд хийж хадгалах нь чухал.

Түүнчлэн хоносон хоол хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь хоносон хоол нь хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян үржиж, хороо ялгаруулан улмаар уг хүнсийг хэрэглэсэн хүн өвчилдөг.

Нянгийн үржих таатай хэм 4СО-62СО ба чийгшил ихтэй, хоол, хүнсний тэжээлт орчны нөхцөл хангагдсан нөхцөлд нэг нян 20 минутын дараа хос болж улмаар 10 цагийн дараа нэг тэрбум болж үрждэг.

Мөн түүхий хүнс бэлтгэдэг хутга, модыг бэлэн болсон хоол хүнстэй хольж хэрэглэхгүй байх нь нян үржих нөхцөлийг бууруулдаг байна. Учир нь мах, түүхий сүү зэрэг мал, амьтны гаралтай түүхий эд нян үржих таатай нөхцөл болдог тул болгосон, болгоогүй хүнсийг хооронд нь холихгүй байх нь чухал.

Биеийнхээ онцлогт тохируулан хоолоо хэрэглэ

Хоол, хүнсээ өөрийн биеийн онцлогт тохируулан хэрэглэх хэрэгтэй. Өөх тос ихтэй бууз, мах, хоол нь ходоод, цөс, нойр булчирхай зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг цочроож, ачааллыг нь нэмэгдүүлж улмаар өвчлөхөд хүргэдэг. Тиймээс олон төрлийн хүнсийг хольж хэрэглэхгүй байх нь чухал. Cap шинийн баяраар уламжлалт хоол хүнсийг ихээр хэрэглэдэг. Хэрэв та хүнсний харшилтай бол харшдаг хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

Сүү, өндөг, самар, мөөг, улаан лооль, шоколад, кофе, загас, вандуй, дарсан болон нөөшилсөн ногоо, хоол амтлагч нь уургийн агууламж өндөртэй тул хамгийн их харшил өгдөг. Мөн хоол, цайныхаа давсыг тохируулан хэрэглэх хэрэгтэй.

Давс хэтрүүлэн хэрэглэх нь зүрх, судасны өвчин, цусны даралт ихсэх өвчний эрсдэлийг ихэсгэдэг. Хүн хоногт зургаан граммаас ихгүй давс хэрэглэх ёстой гэсэн зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг.

Монголчууд бидний хоол, сүүтэй цай, хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж буй далд давс зэргээс авах хоногийн давсны хэмжээ хоёр дахин их байдгийг судалгаагаар тогтоосон.

Мөн Монгол хүний цусанд архи задлах фермент маш бага байдгийг тогтоосон байдаг учир хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Насанд хүрсэн Монгол эрэгтэй хүн долоо хоногт 38-42 хувийн 100 грамм архи эсвэл гурван ширхэг шар айраг уух стандарт хэмжээтэй байдаг. Тиймээс энэ стандартыг бага ч гэсэн санаж явах хэрэгтэй.

Ходоод гэдэс хямагсан үед шингэнийг их хэмжээгээр уугаарай

Хэрэв ходоод гэдэс хямрах, толгой өвдөх, бөөлжих, халуурах, хэвлийгээр базалж өвдөх суулгах үедээ дүлүүлэх, гэдэс хуржигнах, өтгөн их хэмжээтэй усархаг, үнэртэй, ялзмагтай, хар ногоон өнгөтэй, хөөстэй гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Мөн ийм нөхцөлд шингэн алдалтаас сэргийлж амаар шингэн сайн уух нь чухал.

Буцалсан ус, хоросол, шингэн байхуу, будааны шүүс зэрэг бага концентрацтай уусмалуудыг их хэмжээгээр уух нь хордлогын үед нэн даруй авах эхний арга хэмжээ. Хэт их базлалт, өвдөлтийн үед ношпа, бөөлжилттэй үед церукалыг эмчийн заавраар хэрэглэнэ. Мөн энэ талаарх мэдээлэл зөвлөлгөөг ХӨСҮТ-ийн Халдварт өвчний лавлах 100 болон тус төвийн хүлээн авах яаралтай тусламжийн 450491, Нийслэлийн яаралтай тусламжийн 103 тоот утсанд хандаж болно.

Зураг