
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Тахарын албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Тахарын албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээр Тахарын ерөнхий газар байгуулагдсан. Бүтэц, зохион байгуулалтын хувьд ямар шатандаа явж байна вэ?
-Хууль маань энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Одоогоор байгууллагыг эмхлэн зохион байгуулах ажил явагдаж байна. Бид оны өмнө Тахарын албанд ажиллах алба хаагчдын өргөдөл, материалыг авчихсан. Өнөөдрийн байдлаар 307 хүн хүсэлтээ ирүүлээд байна. Харин бүтэц зохион байгуулалтын хувьд газрын дарга нэг, гурван дэд, албадын таван дарга болон тахарын алба хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулна.
-Нөгөөтэйгүүр эл хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ. Харин Тахарын ерөнхий газар ямар ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах вэ?
-Мэдээж иргэдийн эрх ашгийг хамгаалах нь ойлгомжтой. Тухайлбал гэрч, хохирогчийг хамгаалах, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, ялтанг зөөвөрлөх, гэмт этгээдийг эрж хайх зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.
-Дэд дарга нар болон албадын даргыг хэзээ томилох вэ?
-Гурван дэд даргыг Хууль зүйн сайдын тушаалаар, албадын дарга нарыг хуулийн хүрээнд сонгон шалгаруулалт явуулж шаардлага хангасан хүнийг томилно. Одоогоор тодорхойгүй байна.
-Яг ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Албадын дарга нарт хууль сахиулах байгууллагад таваас доошгүй жил ажилласан, удирдан зохион байгуулах авьяастай, гурван дэд даргад 10-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тавьж байгаа.
Бусад алба хаагчид гурваас доошгүй жил ажилласан байх ёстой. Мэдээж эрүүл мэндийн үзлэгээс эхлээд бие бялдар, хууль эрх зүйн шалгалт авна.
-Тэгвэл сонгон шалгаруулалтыг ямар зарчмаар явуулах вэ?
-Төрийн алба хаагчийг ямар шалгуураар яаж сонгон шалгаруулж авдаг тэр зарчмаар явуулна.
-Ингэхэд тахарын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд нөхөн олговор олгох уу?
-Мэдээж тэгнэ. Үндсэн цалинтай нь тэнцэхүйц тэтгэлгийг 10 жилийн хугацаатайгаар сар бүр олгох болно.
-Таны ярьж байгаагаас ШШГЕГ-т дэмжлэг үзүүлэх зорилгоор Тахарын ерөнхий газрыг байгуулсан гэж ойлгогдож байна?
-Яг ч тэгэж ойлгож болохгүй л дээ. Гэхдээ шүүхийн үйл ажиллагаанд хамгийн их дэмжлэг үзүүлэх юм. Тодруулбал шүүхээр орж байгаа хэрэг, маргаанд дэмжлэг үзүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалахад чиглэгдсэн. Нөгөөтэйгүүр гэрч, хохирогчийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!