Европ, Азид зургаан зүйл, 12 дэд зүйлийн чацаргана зэрлэгээрээ ургадаг, өргөн тархсан ургамал юм. Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад чацаргана ургадаг байна.
Дэлхий дээрх чацарганы 90 орчим хувь нь Хятад улсад ноогддог гэж Википедия дурдсан байна. Гэтэл Монголын чацаргана чанар, агууламжаараа онцгой сайн болохыг Японы судлаачид нотолж байна.
Тэсгим хүйтэн, аагим халуун, хэт хуурай, нарны хүчтэй туяанд тэсвэртэй Монголын чацарганы том жижиг 295 төрөл байгааг тогтоожээ. Чингис хаан цэргийн морьдод чацаргана өгөхийг зарлиг болгож байсан төдийгүй Их хаан өөрөө ч зооглодог байсан түүхтэй аж.
Мөн ЗХУ-ын сансрын нисгэгчдийн хэрэглэж байсан туяанаас хамгаалах эмийн найрлаганд чацаргана орж байсныг, 1988 оноос Хятад улс Олимпийн тамирчиддаа хүч тамир оруулахын тулд чацарганыг тамирчдын хүнсэнд оруулдаг болсныг японы эх сурвалжууд хэлж байна.
Чацарганыг зүүн зүгийн Хятад, баруун зүгийн Англи хүртэлх өргөн уудам нутагт тархан суусан хүн зоны хэрэглээ болсон Евро-Азийн супер жимс хэмээн тодорхойлжээ. Япончууд монгол чацарганаар хийсэн бүтээгдэхүүнийг сурталчилж байгаа нь талархууштай. Нэгэн үе бид ноолууран бүтээгдэхүүнээрээ гайхуулдаг байсан бол одоо Монгол чацаргана гэсэн шинэ монгол бренд бий болж, бидний үзүүлэх нэрийн хуудас нэгээр нэмэгдэж байна.
Эх сурвалж: Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консулын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!