УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар УИХ-ын дарга З.Энхболдын мэдээллийг сонсч, санал солилцов. УИХ-ын чуулганаар хэлэлцэх Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг бүлгийн зүгээс дэмжиж, МАН-ын бүлгийн завсарлага дуусмагц хэлэлцэхээр тогтлоо. Харин НӨАТ-ын босгыг нэмэх буюу 200 саяар тогтоох УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж бүлгийн зүгээс үзлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 38-р зүйлд Улсын төсөвтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газар өргөн барина гэж заасан байгаа. Тиймээс НӨАТ-ын босгыг нэмэх нь татвар буюу Засгийн газрын нэг бүрэлдэхүүн хэсэг учраас зөвхөн Засгийн газраас өргөн барьсан хувилбарыг хэлэлцэхээр байр суурь нэгдлээ. Мөн энэ долоо хоногийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Газрын тосны тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотойгоор санал бодлоо солилцсон юм. Соёлын өвийг хамгаалах, хадгалах, дэлхийд бүртгүүлэх зардал мөнгийг улсын төсөвт суулгадаг байх , мөн соёлын өвийг судлах, алдагдсан соёлын өвийн мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.
-Засгийн газраас оруулж ирсэн татвар, НӨАТ-тай холбоотой төсөл дээр НӨАТ-ын босгыг 50 хувь байх эсэх дээр тодорхой байр сууринд нэгдсэн үү?
-С.Бямбацогт нарын өргөн барьсан хуулийн төсөл дээр хэлсэнчлэн Үндсэн хуулийн үндсэн зарчимтай зөрчилдөж байгаа учраас зөвхөн Засгийн газрын оруулж ирсэн төслийг хэлэлцэнэ. Засгийн газраас оруулж ирж буй Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс дээш гардаггүй аж ахуйн нэгжүүдэд тухайн татварын 90 хувийг нь буцаан олгох гол концевци байгаа юм. Буцаан олголт гэдэг нь нэг талаар татвараас зугатаах асуудлыг ил болгох ач холбогдолтой.
-50 сая гэсэн босгыг дэмжиж байгаа юу. Буцаан олголтыг чирэгдэлгүй зохицуулж байгаа зүйл байна уу? Иргэнд гэдэг агуулгаар ярьсан уу?
-Хуулийн төслийг хэлэлцэх явцад энэ асуудлыг шийдвэрлэнэ. НӨАТ-ын босго дүнг хэлэлцэх явцад гишүүд санал гаргах эрх нь нээлттэй.
-Хамтын тэтгэвэрийн тухай хуулийн төсөл батлагдвал улсын төсөв хүндэрнэ гэсэн мэдээллийг МАН өгч байгаа шүү дээ. Энэ талаар Ардчилсан намын бүлэг тооцоолж үзсэн үү?
-Хамтын тэтгэврийн олгож эхэлснээр МАН-ын бүлгийн яриад байгаа шиг төсөвт дарамт ирэхгүй. Яагаад гэвэл тэтгэвэр авч байгаа хүн нас барсан тохиолдолд тэтгэвэр олгогдоно. Мөн насан туршдаа ирээдүйд авах тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж байсан учраас энэ хүнд оногдох ёстой мөнгө. Тиймээс өөрийнхөө авч чадаагүй мөнгийг гэр бүлдээ өгөх л төсөл байгаа юм. Энэ хууль өргөн баригдсан бөгөөд ажлын хэсэг гарч, намын бүлгүүд саналаа хэлж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Одоогийн судалгаагаар өнөөдөр 312 мянган хүн тэтгэвэр авч байгаа. Үүнээс 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагдаж байгаа. Бидний хийсэн судалгаагаар хамтын тэтгэврийн хууль батлагдвал болзлыг хангаж байгаа 76 мянга орчим хүн байгаа гэсэн тооцоо гарч байна.
-Хамтын тэтгэвэрийн тухай хуулийн төсөл батлагдах юм бол хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Төсөв хүндрэх асуудал гарахгүй. Хамтын тэтгэврийн хэрэгжих хугацаа болон хуулийн үйлчлэх хугацааг иргэд их сонирхож байна. Аливаа хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх эсвэл тодорхой хугацаа зааж өгдөг. Зарим хууль батлагдахдаа хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагддаг. Хамтын тэтгэврийн хувьд хэлэлцүүлгийн явцад гишүүдээс санал авч, сайжруулах боломж бий. Хуулийн хамрах хүрээ буюу тодорхой заасан оноос хэрэгжүүлэхийг хуулийг дагаж мөрдөх журамд тусгаж болно.
-Газрын тосны хуульд ямар зохицуулалт хийх вэ?
- Эдийн засгийн байнгын хороонд ажлын хэсэг гарч ажиллаад гол зохицуулалтуудад нэгдсэн байр сууринд хүрсэн байна. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, үүнд тухайн орон нутгийн иргэдийн хяналтыг дээшүүлэхтэй холбоотой илүү анхаарал тавих ёстой гэж бүлгийн гишүүд хэллээ.
УИХ дахь Ардчилсан намын Ажлын албаны Олон нийттэй харилцах хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!