Ангараг руу нисч, тэндээсээ буцаж ирэх эрхгүйгээр амьдрах хүсэлтэй хүмүүсийг бүртгэх үед олон хүн цочролд орж байсан ч түүнээс ч багагүй хүн сансарт аялахаар бүртгүүлцгээсэн. Тэдний нэг, ОХУ-ын иргэн Анастасия Степанова хэмээх залуухан бүсгүй Улаан нүдэн гариг руу эргэж ирэхээргүйгээр аялах болсон шалтгаанаа болон өөр олон сонирхолтой зүйлсийн талаар “Московские новости” агентлагийн сэтгүүлчтэй ярилцжээ.
-Mars One хөтөлбөрийн тухай та яаж мэдсэн бэ?
-2012 оны дөрөвдүгээр сард зурагт үзээд сууж байтал энэ хөтөлбөрийн тухай мэдээ гарсан. Би бүр багаасаа л сансарт нисэх юмсан гэж хүсдэг байсан юм. Аавынхаа нөлөөгөөр ийм мөрөөдөлтэй болсон байх л даа. Аав маань сансрын тухай ярьж өгч, дуран авайгаар од харуулдаг байсан. Ингээд дунд сургуулиа төгссний дараа сансар судлалын факультетад элсэх гэсэн боловч дор хаяж нэг жилийн бэлтгэл хийж, хугацаа алдахаар байсан учраас аав ээжтэйгээ ярилцаад сэтгүүлзүйн чиглэлээр элсэн орсон. Мэдээж сансрын тухай мөрөөдлөө орхиогүй, тиймээс сансар судлалын талаар мэдээлэх сэтгүүлчээр мэргэшсан.
Энэ төсөл шинжлэх ухаанд томоохон ололт авчирч, хүмүүсийн мэдлэгийг тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Та мэдээлэл олж сонсмогцоо л хөтөлбөрт оролцох өргөдлөө өгсөн юм уу?
-Үгүй ээ, манай сэтгүүлзүйн факультетад сансрын нисгэгч байсан нэг багш байдаг юм, түүнээс зөвлөгөө авсан. Харин тэр намайг дэмжээд баримт бичгүүдээ бүрдүүлээд өгчих хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Манай орны хувьд сансар судлалыг нэг их сонирхоод байхаа больчихсон. Харин Mars One хөтөлбөр энэ байдлыг өөрчлөх юм. Ангараг гариг гэж юу юм бэ гээд л хүмүүс сонирхоод уншаад эхлэнэ шүү дээ. Энэ хөтөлбөрт оролцох болсон өөр нэг шалтгаан нь гэвэл манай залуус сайн сайханд итгэж, зорилгоо маш өндөрт тавих ёстой гэж би боддог. Хэн нэгэн эрдэмтэн, сансрын нисгэгч эсвэл онгоцны нисгэгч болох гэсэн мөрөөдөлтэй л бол энэ мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй.
/Ангараг дээр колончдын суурин үүсгэх хувийн хөтөлбөр нь ойролцоогоор зургаан тэрбум долларын өртөгтэй юм. Энэ хөтөлбөрийг Голландын инженер, бизнесмен Бас Лансдорп санаачилсан. Эхний ээлжийн хүмүүсийг 2022 онд Ангараг дээр аваачих бөгөөд тэнд колончдод зориулсан дэд бүтэц байгуулсан байх гэнэ. Mars One хөтөлбөрийн санхүүжилтийн гол эх үүсвэрийг сансрын нигэгчдийг бэлтгэх болон Ангараг гариг дээр суурьших хүмүүсийн амьдралын тухай реалити шоунаас бүрдүүлэх аж. Энэ хөтөлбөрт хамрагдахаар 200000 гаруй хүн өргөдлөө өгснөөс дөрвөн хувь нь Оросоос өргөдлөө өгчээ./
-Төсөлд хичнээн хүн оролцож байгаа вэ?
-Одоо 1058 хүн байгаа, харин гурав дахь шатны шалгаруулалтын дараа 24 хүн үлдэнэ. Үлдсэн хүмүүсийг дөрөв дөрвөөр нь зургаан баг болгох юм билээ. Хоёр жил тутамд нэг багийг Ангараг руу явуулж, тэнд хүмүүсийг суурьшуулна. Ангарагийн ирээдүйн колонистуудын төлөвлөгөөний дагуу 10 жилийн турш нислэгд бэлтгэнэ. Үүний зэрэгцээ энэхүү төслийн бэлтгэлийг олон нийтэд сурталчилан мөнгө босгох юм. Биднийг бэлтгэлээ эхэлмэгц реалити шоу хийж эхлэн Ангараг дээр очсон хойно ч үргэлжилнэ.
“Энэ бүхэнд хандаж байгаа миний хандлагыг “Сансар үзчихээд үхэх” гэсэн өгүүлбэрээр илэрхийлж болно. Хүн төрөлхтний түүхэнд хэн ч хийж амжаагүй тэр л зүйлийг хийх нь миний мөрөөдөл” /хагалах/
Ер нь төсөл хандив, ивээн тэтгэлэг гэх зэрэг зургаан төрлийн санхүүжилтийн хэлбэртэй. Жишээ нь хэн нэгэн тэрбумтан нэрээ түүхэнд мөнхлөхийг хүсвэл хөрөнгө оруулж, төсөл хэрэгжихэд тусалж болох юм. Өөр нэг эх үүсвэр нь маркетинг. Зохион байгуулагчид төслийн билэгдэл бүхий майк, футболк худалдаалж байгаа.
-Та нар бэлтгэлээ чухам яаж хийх юм бэ?
-2015 онд сүүлчийн шалгаруулалт болно. Үүний дараа бид АНУ-д очих юм. Тэнд бид цалин авч, хими, физик, геологи, мэс засал, газар тариалан эрхлэлтийн хичээл судлана. Нэг баг дөрвөн гишүүнтэй байна, гишүүн бүр олон талын мэдлэгтэй мэргэжилтэн болох ёстой. Учр нь хэн нэгний шүд өвдлөө гэхэд бид эмнэлэгт хандах боломжгүй шүү дээ. Тийм болохоор бүгдийг суралцаж мэддэг болоход энэ арван жил ч хангалтгүй гэж би бодож байгаа. Би өөрөө бие даагаад суралцаад эхлэсэн, зун хэд хэдэн хичээл заалгаж, усанд сэлэлт, цанаар хичээллэж байна.
-Та нарын бэлтгэлийн тухай реалити шоу хийх гэж байгааг хэдийнэ мэдэж байгаа юм байна, тийм үү?
-Энэ тухай бодохоос ч айдас хүрдэг юм. Би “Дом 2” шиг цаг нөхцөөсөн шоуны баатар болмооргүй байна. Гэхдээ бидний хөтөлбөрийн хувьд шинжлэх ухааны төсөл учраас шоуны үеэр ахуйн талын хэсгүүдийг биш харин бидний туршилтууд, Ангараг дээрх амьдрал зэрэг үнэхээр чухал хэсгүүдийг үзүүлнэ гэж найдаж байна. Хүмүүс намайг идэж унтаж байгааг харах нь чухал биш шүү дээ. Гэхдээ энэ бүхэн зөвхөн санааны төдийд явж байгаа учраас юу болохыг харж л байя.
/Төслийн үе шатууд
2011 —Mars One төсөл эхлэв.
2013 — төсөлд оролцох колончдыг шалгаруулах тэмцээн эхлэв.
2015 — хөтөлбөрт оролцогчдыг эцэслэн шалгаруулж, бэлтгэл эхлэнэ.
2018 — технологийг туршихын тулд Ангараг руу холбоо харилцааны хиймэл дагуул илгээнэн.
2020 — колони барих газрыг сонгох Ангараг гараг дээр явагч болон холбооны хоёр дахь хиймэл дагуулыг хөөргөнө.
2022 —Орон сууц болон туслах модулиуд гэсэн ачаануудыг Ангараг руу илгээж эхлэнэ.
2023 — Ангараг дахь баазыг тохижуулна.
2024 — Колончдыг суулгасан эхний хөлөг Ангараг руу хөөрнө.
2025 —Колончид Ангарагт хүрнэ/.
-Хэрэв реалити шоу хэтэрхий ил задгай байх юм бол та төслөөс гарах нь ээ?
-Мэдээж, би өөрийн гэсэн зарчимтай хүн. Би өөрийгөө сурталчилж нэр алдар олохыг хүссэндээ биш харин сансрын нисгэгч болох гэсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд төсөлд оролцож байгаа. Энэ хөтөлбөр энгийн хүмүүсд сансарт нисэх боломж олгож байгаа нь маш том давуу тал.
-Төслийн оролцогч болохын тулд юу хийх ёстой вэ?
-Эхний шатанд орохын тулд өөрийнхөө тухай, мөн яагаад сансарт нисэхийг хүссэн тухайгаа хөгжилтэй байдлаар бичлэг хийж илгээх ёстой. Харин хоёр дахь шатанд орохын тулд сэтгэлзүйн байдлыг үнэлэх анкет бөглөсөн. Заавал сансрын чиглэлийн хүн байх албагүй, бүртгүүлсэн хүмүүс бүгд л өөдрөг үзэлтэй, мөрөөдөгчид байсан.
-Хэрэв та сонгогдвол таны амьдрал дор хаяж арван жилээр ямар ч завгүй, бүх зүйл төлөвлөгдсөн байна гэхээс айхгүй байна уу?
-Үгүй дээ, би сурна, үүнийхээ төлөө цалин авна. Гэлээ ч энэ бүхэн надад үнэхээр сонирхолтой санагдаж байгаа.
-Тэгвэл эргэж ирэхгүйгээр ниснэ гэдгээс айхгүй байна уу?
-Яг сансрын хөлөгт суух үедээ жаахан айх байх аа. Харин одоо бол энэ бүхэнд хандах миний хандлагыг “Сансар үзчихээд үхнэ” гэсэн өгүүлбэрээр тодорхойлж болох юм. Хүн төрөлхтний түүхэнд хэн ч хийгээгүй зүйлийг хиймээр байна. Хэн нэгэнд дурсагдахын төлөө биш харин хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэх нь надад чухал. Түүнчлэн энэ төсөл шинжлэх ухаанд томоохон ололт авчирч, хүмүүсийн мэдлэгийг тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Нөгөө талаас бид үнэхээр Ангараг дээр очиж чадах уу үгүй юу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Нислэг долоон сар үргэлжилнэ, юу ч тохиолдож магадгүй шүү дээ. Хоёрдугаарт, бид тэнд хэр удахаа мэдэхгүй байна. Бүх зүйл маш сайхнаар, ямар нэг аюул осолгүйгээр явагдлаа ч гэсэн бидэнд үргэлж цацраг нөлөөлнө.
Ангарагийн агаар мандал дахь хүчилтөрөгч ердөө нэг хувь. Агаарын даралт Дэлхийнхээс 160 дахин бага, тэгэхээр цацрагаас хамгаалдаг агаар мандал хүрэлцэхгүй гэсэн үг. Тэгэхээр тэнд очоод хавдар тусчих ч юм бил үү, хэн мэдэхэв дээ. Ер нь ч тэгээд олон л аюул байна. Түүнээс гадна бусад бүх зүйлсээс илүү хүн аюултай гэж би боддог. Тиймээс багийн гишүүнээр хүмүүсийг сонгохдоо маш туйлбартай, зөв хүнийг сонгох ёстой. Хэн ч сэтгэлзүйн асуудалтай тулгарч болно, гэхдээ хүн галзуурвал бусаддаа хор хохирол учруулна шүү дээ.
-Төсөлд зааснаар онолын хувьд ч Ангарагаас эргэн ирэх боломж байхгүй юу?
-Техникийн боломж байлаа ч гэсэн Ангарагаас ирээд Дэлхийн амьдралд дасан зохицох чадвар хүний биед байхгүй л болов уу гэж зохион байгуулагчид үзэж байгаа. Сансрын нисгэгчид хүртэл эх дэлхий дээрээ буусан хойноо дасан зохицох гэж хэсэг л юм болдог шүү дээ.
-Таны шийдвэрийн талаар гэрийнхэн чинь юу гэж байна?
-Ээж эсэргүүцэж харин аав мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй гэж намайг дэмжиж байгаа. Гэхдээ одоогоор хэн нь ч хөтөлбөрийн нарийн учрыг мэдэхгүй л байгаа болов уу даа. Яг нисэх дээрээ тулаад ирвэл тэдний зүгээс ирэх эсэргүүцэл улам нэмэгдэх биз.
-Энэ хөтөлбөр үнэхээр хэрэгжинэ гэдэгт та итгэдэг үү?
-Одоохондоо бол хийсвэр зүйл мэт санагдаж байж магадгүй л юм, биднийг Ангараг руу зөөх пуужин ч алга байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө талаас солиотой юм шиг санагдаж байсан хичнээн олон санаанууд амьдрал дээр биеллээ олж, хүмүүсийг алмайруулж байлаа даа. Энэ төсөл тэдний нэг ч байх юм бил үү? Гагаринг сансарт нисэхэд ч хүртэл хүмүүс итгэхгүй л байсан шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!