Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөдөлмөрийн хүний төлөө” дээд шагнал гардууллаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
ДЦС-2 ТӨХК ҮЭ-ийн дарга П.Гармаа шагналаа гардан авч байна

МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар нэр бүхий арван хүнийг “Хөдөлмөрийн хүний төлөө” дээд шагналаар өнөөдөр шагналаа.

Энэхүү шагналыг,

Я.Санжмятав /УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд/
Ц.Ганболд /Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн дарга/
Б.Уранцэцэг /Удирдлагын академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч/
П.Гармаа /ДЦС-2 ТӨХК ҮЭ-ийн дарга/
Д.Саранцэцэг /БШУ-ны ҮЭ-ийн дарга/
Л.Аваасүрэн /АПУ компанийн ҮЭ-ийн дарга/
П.Бямбаа /Ховд аймгийн ЖДҮ-ийн ҮЭ-ийн дарга/
Н.Энэбиш /Орхон аймгийн ҮЭ-ийн дарга/
С.Нямсүрэн /Завхан аймгийн ҮЭ-ийн дарга/
Б.Бурмаа /”Байгууламж-ОД” компанийн захирал/ нар хүртсэн юм.

Х.Амгаланбаатар дарга хэлэхдээ ”Эдгээр хүмүүс МҮЭХ-нд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэд иргэд хөдөлмөрчдийн амьдралын сайн сайхны төлөө өөрсдийн хүч хөдөлмөр, авъяас чадварыг дайчилж, он удаан жил үр бүтээлтэй ажилласан юм. Иймд энэхүү үйл хэргийг нь үнэлж, цалин цагаан мөнгөн тэмдэг, батламж, мөнгөн шагналаар шагнаж байна” гэлээ.

Энэ үеэр ДЦС-2 ТӨХК ҮЭ-ийн дарга П.Гармаатай цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө Танд баяр хүргэе.

-Баярлалаа.

-ДЦС-2 компани өнөөдрийн байдлаар хэчнээн ажилтантай үйл ажиллагаа явуулж байна вэ. Ажилчдын нийгмийн асуудал хэр байна?

-Нийт 270 орчим ажилтантай. Ажилчдын нийгмийн асуудал харьцангуй сайн байна. Гэхдээ хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаа учраас шийдэж, шийдвэрлэх асуудал байлгүй яах вэ.

-Танай ажилчдын цалин хөлс бусад станцыг бодвол бага гэж дуулсан. Дундаж цалин хэдэн төгрөг байна?

-ДЦС-2 нь бусад станцуудыг бодвол ачаалал арай багатай. Тэр ч үүднээс цалин татуу юм. Өнөөдрийн байдлаар ажилчдын дундаж цалин 900 мянган төгрөг байна.

- ДЦС-2 компанийн ажилчдын зүгээс тавьдаг гол санал, хүсэлт юу байдаг вэ?

- Ихэвчлэн цалин хөлс нэмэх асуудал байдаг. 2013 онд ажилчдын цалинг огт нэмээгүй. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэчнээн төгрөгөөр нэмэгдсэн билээ. Иймд ЭҮ-ийн хорооноос удирдлагуудад цалин нэмэх асуудлаар санал хүргүүлж, ингэснээр ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр болсон.

Дашрамд дурдахад, “Хөдөлмөрийн хүний төлөө” дээд шагналыг жил бүр тухайн жилдээ ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан хүмүүст олгодог билээ.