Евро интеграцийг эхлүүлэхийг шаардсан иргэдийн эсэргүүцэл Украинд улстөрийн тогтворгүй байдал үүсэхэд хүргээд байна.
Эсэргүүцэгчид зарим хотын захиргааг эзлэн авснаар улс орныг задран бутаргаж ч магадгүй нөхцөл байдал үүссэн энэ үед сөргөлдөгч талуудыг эерүүлж магадгүй нэгэн сонирхолтой үйл явдал өнгөрсөн бямба гарагт боллоо.
Украины Ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчин “Батькивщина” намын удирдагч Арсений Яценюкт Ерөнхий сайдын суудал санал болгожээ. Сөрөг хүчин одоогоор энэ саналд тодорхой хариулт өгөөгүй байна. Үндэсний эсэргүүцлийн штабт өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Арсений Яценюк өөрөө сэтгүүлчдэд энэ талаар мэдээлсэн байна.
Тэрбээр “Хэрвээ бид энэ саналаас татгалзвал тэд биднийг улс орны эрх мэдлийг гартаа атгаж, улмаар Европын холбоотой нэгдэх боломж олгосон ч тэд өөрсдөө зөвшөөрөөгүй гэж буруушаана.
Хэрвээ хүлээгээд авчих юм бол биднийг дэмжиж байгаа ард иргэд биднийг мөн л зорилгоосоо ухарсан гэж буруутгах болно” хэмээн хэлсэн байна. Ерөнхийлөгчийн тавьсан энэхүү саналыг хэрхэн хүлээж авсан талаар Арсений Яценюк “Саналыг сонсоод бид үнэнийг хэлэхэд баярлаагүй.
Яг одоо улс оронд юу болоод байгааг бид сайн ойлгож байгаа. Дампуурлын ирмэг дээр ирээд байна. Эрх баригчид сүүлийн гурван жил хагасын дотор улс орныг цөлмөж дууссан. Засгийн газрыг тэргүүлэх санал тавьсан нь ч гэсэн ийм л зорилготой.
Одоо тэд биднийг хариуцлага үүрэлцэх үү, үгүй юу гэдгийг харах гэж албан тушаал санал болгож байна. Бид саналыг сөрөг хүчний гурван намын хэмжээнд анхнааралтай судалж үзнэ. Гаргасан шийдвэр нь бид бүгдийн хамтын шийдвэр байх болно” хэмээн хэлсэн байна. Мөн ямар ч шийдвэр гарсан энэ нь иргэдийн зүгээс дэмжлэг хүлээх гэсэн шалгуурыг хангасан байх ёстой гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Үүний дараа тэрбээр өөрийн Фейсбүүк хуудсандаа “Асуудлыг Ерөнхий сайдын албан тушаал гэдэг талаас харах нь буруу. Шийдвэр В.Януковичийнх биш, Майданых байх ёстой. Бид улс эх орныхоо төлөө хариуцлага үүрэхэд бэлэн байна” хэмээн жиргэжээ.
Украины Ерөнхийлөгч Виктор Янукович өнгөрсөн бямба гарагт сөрөг хүчний удирдагчидтай хэлэлцээр хийх үедээ Арсений Яценюкийг Ерөнхий сайд болсон тохиолдолд албан тушаалаа орхиход бэлэн гэж мэдэгдсэн юм. Мөн мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан, “Удар” намын тэргүүн Виталий Кличког Ерөнхий сайдын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогчоор томилох саналыг тавьсан юм.
Гэвч А.Яценюк, В.Кличко нар тухайн үед шууд хариу өгөөгүй өнгөрчээ. Бямба гарагт болсон хэлэлцээрийн үеэр В.Янукович мөн Майданы хэргээр баривчлагдсан бүх хүмүүст өршөөл үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Мөн түүнчлэн энэ сарын 16-ны өдөр Дээд Радаар батлагдсан Дэглэмийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад бэлэн гэж онцлон тэмдэглэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!