Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнжид байрлах "Вива сити" хороололд халуун хүйтэн ус тасраад гурав хоножээ.
Энэ хороололд 1600 айл амьдардаг. Мөн 50 гаруй үйлчилгээ эрхлэгчид байдаг. Тус хорооллын оршин суугчид болон, үйлчилгээ эрхлэгчид "СанКонфорт"-ын диспетчерээс лавлахаар "халуун, хүйтэн ус хэзээ ирэх нь тодорхойгүй байна" гэсэн хариултыг өгчээ.
Аргаа бараад усны машинаар зөөврийн ус тарааж байгаа гэнэ. Иймээс иргэд орон сууцныхаа гадаа усанд дугаарлаад зогсож байна.
Энэхүү асуудлыг хариуцаж байгаа "СанКонфорт"-оос ямар шалтгааны улмаас гурав хоног халуун, хүйтэн ус тасарсан мөн хэзээ ус ирэх талаар мэдээлэл авахад "Гүний цэвэр усны насос эвдэрсэн. Бид насосыг захиалаад өнөөдөр ирсэн. Одоо угсарч байна. Удахгүй усаа өгнө" гэлээ.
Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэдийн тав тухтай байдлыг хангах үүднээс энэ сарын 2-нд Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа захирамж гаргасан.
Тодруулбал, Эрчим хүч болон ус хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилж, үйлчилгээг түргэн шуурхай найдвартай үзүүлж ажиллахыг инженерийн хангамжийн болон ашиглалтын шугам сүлжээний нийт байгууллагын удирдлагуудад анхааруулж, үүрэг өгсөн.
Гэвч энэ захирамж бодит байдал дээр хэрэгжихгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|