Чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Дархан-Сэлэнгийн бүсийн ордуудыг түшиглэн баригдах төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явц, дотоодын хувийн хэвшлийн оролцоо болон цаашид авах арга хэмжээний талаар асуулгын хариуг сонслоо.
Асуулгын хариуг Уул уурхайн сайд Д.Ганхуяг дараах байдлаар танилцуулсан юм.
Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан бол 2013 оны байдлаар 90 орчим хувь болж 10 жилийн дотор 40 гаруй хувиар өсчээ.
Түүний дотор төмрийн хүдэр, баяжмалын экспортын хэмжээ 6.4 сая.тн болсон нь гуравдагч томоохон экспортын бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогдож байна.
Улсын хэмжээнд нийт 38 аж ахуйн нэгж төмрийн хүдрийн орд ашиглах тусгай зөвшөөрөлтэй байгаагаас 24 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.
Манай орны төмрийн хүдэр дэх металлын агуулга бага байгаагаас зах зээлийн үнээс харьцангуй доогуур үнээр борлуулэ байгаа. Иймд эх орондоо нэмүү өртөг шингэсэн хорголжин төмөр үйлдвэрлэх, улмаар эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох зорилтыг тавьжээ.
2013 оны байдлаар төмрийн хүдрийн экспортлох гэрээний үнэ дундажаар 58 ам.доллар байсан бөгөөд нойтон баяжмал үйлдвэрлэснээр 124 ам.доллар, хорголжин төмөр үйлдвэрлэснээр 165 ам.доллар болж үнэ өсөх боломжтой гэнэ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилд 100 мян.тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ч хаягдал төмрийн олдоцоос шалтгаалан 50-60 хувийг ашиглаж ирсэн. 2009 онд тус үйлдвэр 3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2012-2013 онд 6,4 тэрбум хүртэл төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
2015 онд үйлдвэрлэлийг өргөтгөн хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар “Кью Эс Си” ХХК-тай хамтран ажиллаж, одоогоор 81,3 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус үйлдвэр Төмөртолгой, Төмөртэй, Хуст уулын төмрийн хүдрийн ордуудаа түшиглэн шинээр уурхай нээх, үйлдвэрлэлээ өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлжээ.
Энэ хүрээнд Төмөртэйн уурхайд Хуурай соронзон баяжуулах үйлдвэр байгуулах, Төмөртолгойн уурхайд хуурай аргаар баяжуулах шинэ шугам барих, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр дээр нойтон аргаар баяжуулах үйлдвэр, Гангийн үйлдвэрийн өргөтгөл барихаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай 229,3 сая тоннын нөөцтэй. АНУ-ын Trio фирмийн 750 тн/цаг хүдэр боловсруулах хүчин чадал бүхий “Хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэр”-ийн угсралтын ажил 90 хувьтай явагдаж, 2014 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Үйлдвэрийг барьснаар 80-90 хүний ажлын байр бий болно.
Агуулга өндөртэй төмрийн хүдрийг хуурай аргаар, харин агуулга багатайг нь нойтон аргаар баяжуулах нь төмрийн агууламжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Агуулга багатай төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулснаар борлуулалтын үнэ 1 тн тутамд 40-45 ам.доллараар нэмэгдэх боломжтой.
Уул уурхайн яам, “Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо”-той төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Ингэснээр дотоодын үйлдвэрүүдийг төмрийн хүдэр, баяжмалаар хангах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зорилгоор төмрийн хүдрийг урт хугацааны төлөвлөлтийн дагуу зохистой хэмжээгээр олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлээр тогтвортой хамтран ажиллах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!