Онлайн орчинд тарсан цуурхал олон мянган цагаач Мароккогоос Испанийн Сеута руу дайрах шалтгаан болжээ

Т.Давааням, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн долоо хоногт Африк тивийн хойд эрэгт байрладаг Испанийн газар нутаг Сеута руу хөрш Мароккогоос 72,000 орчим хүн хил давж, дайрсны улмаас 80 гаруй хүн нас барсан билээ.

Тэгвэл энэхүү эмгэнэлт явдал онлайн орчинд тарсан цуурхлаас эхлэлтэй болохыг тогтоосноо Европын Холбооны эрх баригчид мэдээлжээ.

Эхлээд Инстаграм сүлжээнд Мароккотой залгаа Испанийн хил нээгдэж байгаа тухай пост нийтлэгдсэн гэнэ.

Удалгүй Фэйсбүүк сүлжээнд Испанийн эргийн хамгаалалтын хөлгүүдийн байршил, шилжилт хөдөлгөөний тухай мэдээллүүд цацагдаж, ТикТок сүлжээнд хаагуур сэлбэл аюулгүйг харуулсан дүрс бичлэгүүд тарсан байна.

Дээрх мэдээлэл маш хүчтэй тарсны дараа Мароккогийн олон мянган иргэд Европ тивд хүрэхэд тун амархан болсонд итгэж эхэлжээ.

Ингээд хэдхэн цагийн дотор залуучууд олноор Сеутагийн хилийг чиглэн хөдөлсөн байна. Хилд хамгийн ойр оршдог Мароккогийн Фнидек хотыг чиглэсэн автобуснууд, галт тэрэг, такси бүгд дүүрчээ.

Хэдхэн өдрийн дотор 72,000 орчим хүн Сеутад хууль бусаар хил давж ирсэн бөгөөд тэднээс 80 гаруй хүн усанд живэх, олны хөлд гишгэгдэх зэргээр амиа алдсан байна.

Хил давагсдын ихэнх нь нутаг буцсан ч энэ үйл явдлын үр дагавар одоо ч үргэлжилсээр байгаа юм.

Европын Холбоо одоо яг юунаас болж, ийм том цагаачдын урсгал үүссэнийг мөрдөн шалгаж байна.

Уг шалгалтын эхний дүгнэлтээр онлайн орчны цуурхал үүний эхлэл болсныг тогтоосон ч хэн нэгнийг хараахан буруутгаагүй байна.

Хохирогчдын 72 нь Испанийн талд, 11 нь Мароккогийн талд байхдаа амь үрэгджээ. Мароккогийн эдийн засаг энэ онд 4.5 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд эрх баригчид нь улс орноо бүс нутгийн автомашин үйлдвэрлэлийн төв болгохыг зорьж буй.

Гэсэн хэдий ч тус улсад ажилгүйдэл газар авч, 15-24 насны залуусын 37 хувь нь ажилгүй байна. Их сургууль төгсөгчдийн 20 орчим хувьд ажлын байр олдохгүй байгаа юм.

Тиймээс эдгээр залуус Европ тивд ажиллаж, амьдрах хүсэл мөрөөдөлтэй байдаг нь ийм эмгэнэлт явдалд хүргэсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press