Оросын эрх баригчид Телеграмын үүсгэн байгуулагчийг терроризмд буруутгаж, эрэн сурвалжилж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ОХУ-ын аюулаас хамгаалах байгууллага өчигдөр Телеграм мессенжэрийн үүсгэн байгуулагч Павел Дуровыг террорист үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэнд буруутгаж, олон улсад эрэн сурвалжилж эхэлснээ мэдэгджээ.

Дуров нь Оросын уугуул бөгөөд бизнесийн үйл ажиллагаагаа Оросын зах зээлд эхлүүлж байсан ч сүүлд гадаад улсын иргэн болсон юм.

2022 оны хоёрдугаар сард Украины эсрэг дайн эхэлснээс хойш Кремлийн эрх баригчид интернэтэд тавих хяналтаа улам чангатгасан нь дэлхийн хамгийн өргөн хэрэглээтэй аппликэйшнүүдийн нэг Телеграмыг тойроогүй.

Холбооны Аюулгүй Байдлын Алба (ФСБ) мэдэгдэлдээ Телеграмыг “Оросын нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх, террорист ажиллагаа явуулдаг Украины тагнуулууд, хэт даврагч байгууллагуудын идэвхтэй ашигладаг олон тооны суваг, чат ботуудыг устгаагүй” хэмээн буруутгажээ.

Тухайлбал Украины нууц албад Оросын иргэдийг хорлон сүйтгэх, террорист ажиллагаандаа Телеграмын чатбот ашиглан татан оролцуулдаг, 2025 оны долдугаар сараас хойш уг чатботын хэрэглэгчид болох 12-22 насны 46 хүнийг баривчилсан тухай дурдсан байна.

Энэ оны эхээр Оросын эрх баригчид өөрийнх нь эсрэг хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай Дуров мэдээлж байсан юм.

Хэрвээ түүнийг уг хэрэгт холбогдуулан баривчилбал Оросын шоронд бүх насаараа хоригдох ял сонсох өндөр магадлалтай.

Телеграм компани одоо Дубай хотод төвлөрдөг бол Дуров нь Арабын Нэгдсэн Эмират болон Франц улсуудын давхар иргэний харьяалалтай юм.

Одоогоор Оросын Фэйсбүүк гэгддэг VK сошиал платформ Кремлийн өндөр хараа хяналт дор ажилладаг бол Өрнөдийн ихэнх платформууд хаагдаад байгаа.

Телеграмыг үүсгэн байгуулахаасаа олон жилийн өмнө VK  платформыг Дуров үүсгэн байгуулсан ч сүүлд хяналтын хувийг нь бусдад шилжүүлсэн юм.

Одоогоор Оросын эрх баригчид Телеграмыг хатуу хязгаарлалттай ажиллуулж байна. 2018-2020 онд тэд Телеграмыг хаагаад амжилт олоогүй юм.

Одоо Оросын эрх баригчид өөрийн хөгжүүлсэн Max мессенжэрийг “үндэсний платформ” болгохыг хичээж байгаа.

Дуров өмнө нь бас өөр улсад гэмт хэрэгт холбогдож байсан. 2024 онд Францын эрх баригчид түүнийг Телеграм дээр хууль бус үйл ажиллагаа явуулах боломж олгосон хэргээр Парист ирэхэд нь баривчилж байв.

2025 оны гуравдугаар сард тэр Франц улсад хэдэн сарыг өнгөрүүлсний дараа Дубайг буцаж ирснээ мэдээлж байжээ.

Дуровыг баривчлагдах үед ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон платформ байхад зөвхөн Телеграмыг “сонгож ”буруутгасан Францын эрх баригчдыг шүүмжилж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press