Азийн уран бүтээлчдийг ялгаварласны хариуд BTS хамтлаг Грэммийн шагналд бүтээлээ нэр дэвшүүлэхээс татгалзав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх оны хоёрдугаар сард болох 69 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд уран бүтээлээ нэр дэвшүүлэхгүй байх шийдвэрийг Өмнөд Солонгосын BTS хамтлаг Лхагва гарагт зарлажээ.

Энэ нь тус арга хэмжээ “Азийн поп” нэртэй шагналын шинэ ангилал бий болгосныг эсэргүүцсэн үйлдэл юм байна.

“Бид энэ жил Грэммийн шагнал гардуулах ёслолд уран бүтээлээ илгээхгүй байхаар шийдлээ. Хөгжмийг бүс нутаг, хэлээр нь хуваахын оронд зүгээр л сонсож, хайрладаг гэж бид бодож байна” гэж тус хамтлаг Инстаграм хуудсаараа мэдэгджээ.

BTS хамтлагийн хувьд энэ жил амжилт ихтэй байсан хэдий ч ийм шийдвэр гаргасан юм.

Гуравдугаар сард тэдний гаргасан тав дахь студийн цомог “ARIRANG” 641,000 хувь борлогдож, Billboard 200 жагсаалтыг тэргүүлсэн нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хамтлагийн цомгуудаас гаргасан хамгийн өндөр амжилт болсон байна.

Уг цомогт багтсан “SWIM” дуу Hot 100 жагсаалтыг тэргүүлсэн юм.

Грэммийн шагналыг зохион байгуулагчид зургаадугаар сард шагналын таван шинэ төрөл энэ жилээс эхлэн нэмж байгаагаа зарласны нэг нь “Best Asian Pop Music Performance” байжээ.

Үүнийг мэргэжилтнүүд Азийн уран бүтээлчдийг гол шагналуудаасаа тусгаарлаж, ялгаварласан гадуурхсан үйлдэл хэмээн шүүмжилж байгаа.

BTS хамтлаг өмнө нь 2021-2023 онуудад гурван удаа Best Pop Duo/Group ангилалд дараалан нэр дэвшиж байсан ч ганц удаа Грэммийн шагнал хүртэж байгаагүй юм.

 

Эх сурвалж: Yonhap News