Б.Пүрэвдагва: Сэлбэ орон сууцжуулах төслийг цаашид Сэлбэ ухаалаг хот гэдэг нэртэйгээр хөгжүүлэхээр болсон
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Сэлбэ дэд төв"-д хэрэгжиж буй орон сууцжуулах төслийг орчин үеийн ухаалаг хотын төлөвлөлтөд суурилж, хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ дэд төвийг орчин үеийн ухаалаг хотын төлөвлөлтөд суурилсан Улаанбаатар хотын чухал хэсэг болгохыг үүрэг болголоо.
Ухаалаг хот нь дулаан, цахилгаан, хог хаягдлын тоолуур ухаалаг системд нэвтэрсэн, хотын үйлчилгээ, иргэдийн аюулгүй байдал нь дижитал төлөвлөлтөд шилжсэн орчин үеийн хот байх юм. Энэхүү төслийг “Сэлбэ ухаалаг хот” гэдэг нэртэйгээр цаашид хөгжүүлэх, үр дүн гаргах чиглэл өгөв. Энэ хүрээнд “сэндбокс” орчныг бүрдүүлнэ. Энэ нь технологийн салбарт шинэ бүтээгдэхүүн турших бүсийг Сэлбэ ухаалаг хотод бий болгоно гэсэн үг юм. Тус бүсэд технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг урьж байна.
Мөн Сэлбэ ухаалаг хотод эдийн засгийн тусгай бүс байгуулна. Ингэснээр татварын болон татварын бус хөнгөлөлтүүдийг эдлэх, бизнес эрхлэхэд таатай орчин бий болно. Хүний хэрэгцээг нэг дор шийдсэн шийдэл бүхий ухаалаг хотын стандартыг ийнхүү гаргаж ирснээр гэр хорооллын бүсийг энэ загвараар хөгжүүлэх эхлэл болно” гэв.
Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг нийслэлээс гаргасан гадаад бондын ₮1.6 их наядаар санхүүжүүлж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
