Европын "FaZe Clan" шөвгийн наймд "The MongolZ" багтай тоглохоор амлан авлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Зургийг шууд дамжуулалтаас авав.

Цахим спортын Counter Strike-2 тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн BLAST Bounty Summer 2026 тэмцээний шөвгийн найман багийн амлагаа өнгөрсөн шөнө Мальт улсын Attard-д явагдлаа. 

Тус тэмцээнд шалгарсан шөвгийн найман багаас чансаа доогуур дөрвөн баг нь өөрсдийн тоглох өрсөлдөгчөө амлаж авдаг дүрэмтэй. Үндэсний бөхөөр тайлбарлавал том цолтой нь барилдах бөхөө амлаж авдаг бол энэ тэмцээнд бага цолтой нь түрүүлж амлаж авдгаараа онцлог юм.

Дээрх дүрмийн дагуу багуудын амлагааг танилцуулбал, хамгийн эхлээд Бразилын "paiN Gaming" баг Данийн "Astralis"-ийг амлаж авсан бол үүний дараа Европын "FaZe Clan" манай улсын "The MongolZ" багийн эсрэг тоглохоор сонголоо. 

Үргэлжлүүлэн Францын "3DMAX" баг Германы "MOUZ"-ийг амласан бөгөөд Нидерландын "Team Liquid" болон ОХУ-ын "Team Spirit" багууд тунаж үлдлээ. 

Шөвгийн найман багийн тоглолт өнөө оройн 21:00 цагаас ОХУ-ын "Team Spirit" болон Нидерландын "Team Liquid" багийн учраагаар эхэлж, шөнийн 00:00 цагаас Францын "3DMAX" болон Германы "MOUZ" багийн тоглолт явагдсанаар өнөөдрийнх дуусна. 

Манай улсын "The MongolZ" баг маргааш оройн 20:30 цагаас Европын "FaZe Clan"-тай тоглох хуваарьтай байна. Үргэлжлүүлээд 23:30 цагаас Бразилын "paiN Gaming" болон Данийн "Astralis" баг хоорондоо тоглосноор шөвгийн дөрвөн баг тодорно. 

Энэ тэмцээнд манай улсын "The MongolZ" баг аваргын төлөө заавал шалгарах ёстой. Учир нь дэлхийн чансааны оноогоо ахиулж байж томоохон тэмцээнүүдэд уригдах эрхтэй болно. Одоогоор "The MongolZ" баг дэлхийн чансааны 14 дүгээр байрт бичигдэж байгаа.