Японы уугуул хүн амын тоо сүүлийн 42 жилийн хугацаанд анх удаагаа 120 саяд хүрэхээ болив
Япон улсын уугуул хүн амын тоо сүүлийн 42 жилийн хугацаанд анх удаагаа 120 саяас буурч, 119,736,483 хүрснийг Лхагва гарагт тус улсын засгийн газар мэдээлжээ.
2026 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар гаргасан энэ тоо нь жилийн өмнөх мөн үеэс 917,000-аар буурсан үзүүлэлт юм.
Бас хүн амын статистик тоо баримт гаргаж эхэлсэн 1968 оноос хойших хамгийн огцом уналт болсныг засгийн газар мэдээлжээ.
Ижил хугацаанд Японд байнга оршин суудаг гадаадын иргэдийн тоо 354,000-аар нэмэгдэж, 4,031,159 хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна.
Тус улсын эрх баригчид хүн амын бууралтыг сааруулж, төрөлтийг нэмэгдүүлэх төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа ч үр дүн гарахгүй байгаа нь эндээс харагдаж байна.
Өнгөрсөн онд Япон даяар 670,000 орчим хүүхэд төрсөн нь түүхэн доод үзүүлэлт болжээ. Ижил хугацаанд 1.59 сая хүн нас барсан байна.
Японы 47 мужаас зөвхөн Токиод уугуул хүн амын тоо 0.09 хувиар өсжээ.
Гадаадын иргэдийн тоо өсөж байгаа нь эрх баригчид ажиллах хүчний хомсдолыг арилгахын тулд хөдөлмөрийн зах зээлээ нээсэнтэй холбоотой.
Японд байнга оршин суудаг гадаадын иргэдийн тоо сүүлийн дөрвөн жил дараалан өссөн бол тэдний дунд хөдөлмөрийн насны хүмүүсийн эзлэх хэмжээ 86.17 хувь болон нэмэгджээ.
Гадаадын иргэдийн өсөлт хамгийн өндөр мужууд нь 14.89 хувийн өсөлттэй Хоккайдо, 14.36 хувийн өсөлттэй Окинава, 13.90 хувийн өсөлттэй Ойта болсон байна.
Гадаадын иргэдийг оролцуулаад Японы нийт хүн ам 123,767,642 хүрсэн нь өмнөх жилээсээ 563,000 орчмоор буурсан үзүүлэлт болжээ.
Нийт хүн амын тоо өссөн гуравхан бүс нутаг нь Токио, Чиба, Осака болсон байна.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
