Угандын дарангуйлагч агсан Иди Аминий ач хүү өрсөлдөгчөө мөргөсөн шалтгаанаар боксын тэмцээнээс хасагджээ
Хамтын Нөхөрлөлийн орнуудын наадмын боксын төрөлд анх удаа оролцсон Угандын тамирчин Англи өрсөлдөгчийнхөө нүүрэнд мөргөсөн шалтгаанаар тэмцээнээс хасагджээ.
Хасагдсан тамирчин 25 настай Азиз Абдул нь Угандын дарангуйлагч агсан Иди Аминий ач хүү юм.
Тэмцээний дараа өөрт нь хандсан Press Association-ий сэтгүүлчид тэр “Чамд би ярилцлага өгөхгүй. Би чамд дургүй” гэж хэлсэн байна. Сүүлд Угандын багийн төлөөлөгч “Түүний өвөөгийн талаар бичсэн зүйлтэй чинь холбоотой” гэж татгалзсан шалтгааныг тайлбарлажээ.
Иди Амин 1971 онд төрийн эргэлтээр засгийн эрхийг авсныхаа дараа Угандад хагас сая орчим хүний амийг хөнөөж, Ази гаралтай 80,000 орчим хүнийг нутаг дэвсгэрээсээ хөөсөн юм.
Гэтэл Абдул өчигдөр Английн 21 настай Дамар Томастай тулаанд орохоосоо өмнө “өвөөгийн маань амжилт намайг зоригжуулдаг, би түүгээр маш их бахархдаг” гэж мэдэгдэж байв.
Түүний өвөө Шотландыг Англиас чөлөөлөх санал гаргаж байсан түүхтэй. Абдул ч бас нэг удаа “Шотландын шинэ хаан” болно хэмээн амлаж байсан удаатай.
Гэвч түүний өнөөдрийг хүртэл хийсэн Шотландтай холбоотой ганц зүйл нь оноогоор илүү явсан өрсөлдөгчийнхөө нүүрэнд хийсэн “Глазго үнсэлт” (нүүр рүү мөргөх) гэж нэрлэгддэг хориотой техник байлаа.
Глазго бол Шотландын хамгийн том хот билээ.
Тэмцээний дараа Абдул шударга бус шүүлтийн талаар гомдоллож байв.
“Шүүгчид маш олон алдаа гаргасан. Зуурах, тохойлдох зэрэг маш олон зөрчлийг тэд тоогоогүй. Шүүгчдийн шийдвэр шударга бус байсан, би сэтгэл дундуур байна. Тэд өрсөлдөгчийг хөнгөхөн цохиход оноо тооцож, миний хүнд цохилтыг тооцоогүй. Би бол хар арьст африк хүн. Яагаад тэд тулааныг үргэлжлүүлээгүйг би ойлгохгүй байна” гэж тэр мэдэгджээ.
Гэхдээ Абдул “Дараагийн удаа би түүнийг ялах болно. Ирээдүйд, хэзээ ч хамаагүй. Хоёр жил, таван жил, арван жил. Би түүнд Азиз Ринго (түүний хоч) бол жинхэнэ дайчин гэдгээ харуулах болно” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
