eBay компани ажилтнуудад нь дарамтлуулж байсан гэр бүлийн хохирлыг $55.7 саяар барагдуулахаар тохиролцжээ
Онлайн худалдааны eBay компани өөрийнх нь экс ажилтнуудад мөрдүүлж, дарамтлуулж байсан гэр бүлийн хостой тохиролцоонд хүрч, хохирлыг нь $55.7 саяар барагдуулахаар болжээ.
Хохирогч Ина болон Дэвид Стайнер нар Массачусетс муж дахь гэрээсээ онлайн худалдааны салбарын талаар ECommerceBytes нэртэй онлайн товхимол гаргадаг хүмүүс юм.
Тэд нэг удаагийн товхимолдоо eBay компанийг шүүмжилсний дараа 2019 оноос хойш тус компанийн ажилтнуудын дарамтад өртөх болжээ.
Тухайлбал тэд онлайн орчинд заналхийлэл, сүрдүүлэг хүлээж авах болсноос гадна гэртээ янз бүрийн аймшигтай илгээмж хүлээж авах болсон байна. Амьд жоом, аалз, цусанд будагдсан гахайн баг, эхнэр/нөхрийн үхлийн дараа хэрхэн амьдрах тухай зөвлөмж ном зэргийг eBay компанийн ажилтнууд тэдэнд илгээж байжээ.
Бас автомашиных нь араас мөрдөх, автомашинд нь байрлал тогтоогч суулгахыг оролдож байсан гэнэ.
“Бидэнд тохиолдсон зүйлс дууссан гэдэгт итгэхэд бэрх байгаа ч бид үүнд маш их баяртай байна” гэж Ина Стайнер хэлжээ.
Дэвид Стайнер “Энэ нь бидэнд үлдсэн амьдралаа амар тайван өнгөрөөх боломж олгоно гэдэгт итгэж байна” гэж хэлсэн байна.
Дэвид Стайнерын автомашиныг дагаж байсан түрээсийн фургоныг шалгасан мөрдөгчид eBay компанийн ажилтнуудын мөрөөр орсны дараа 2020 онд АНУ-ын хууль зүйн яам тус компанийн долоон захирал, ажилтныг яллаж, зарим нь шоронд хоригдож байжээ.
Гүйцэтгэх захирал асан Дэвин Вениг бичсэн шүүмжлэлд нь маш их уурсаж, “тэднийг дуусга” гэсэн мессэжийг бичихэд маркетингийн ахлах ажилтан асан Стив Ваймер “Би тэдний үнсийг харахыг хүсэж байна. Ямар ч аргаар хамаагүй” хэмээн хариу бичсэн нь илэрч байв.
eBay компанийн одоогийн удирдлага Стайнерын гэр бүлд $48.7 саяыг төлөхөөр тохиролцжээ. Үүний $2 сая нь Венигээс гарах юм байна.
Үүнээс гадна eBay буяны байгууллагуудад $6 саяыг хандивлаж, нүглээ наманчлахаар болжээ. Вениг хохирогч Ина Стайнерын нэрийн өмнөөс First Amendment хүний эрхийн байгууллагад $1 саяыг хандивлахаар болсон байна.
eBay компани өмнө нь 2024 онд энэ хэргийнхээ төлөө $3 саяар торгуулах шийтгэл хүлээж байсан юм.
“Бид цаашдаа Стайнерын гэр бүлээс уучлалт гуйсаар байх болно. Манай ажилтнуудын хийсэн зүйлс маш буруу, жигшмээр, хэзээ ч үйлдэгдэх ёсгүй байсан юм” гэж eBay компани мэдэгджээ.
Эх сурвалж: CBS News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
