Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлэв
Энэ сарын 25-нд Баянхонгор аймгийн 85 жилийн ойд зориулсан баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваанд Архангай аймгийн арслан Д.Ням-Очирт өвдөг шороодоод тахимаа өгөхдөө улсын начин Д.Цэрэнтогтох өрсөлдөгчөө тохойлдсон билээ.
Учраа бөхөө санаатайгаар тохойлдсон Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс түр түдгэлзүүлжээ.
Ёс зүйн дүрмийн дагуу зөрчил гаргагч тайлбар гарган өгөх ба хариуцлагын хугацааг Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн олонхын саналаар тогтоох юм.
Баянхонгор аймгийн Загд сумын харьяат, улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох нь 2018 онд улсын аварга П.Бүрэнтөгсөөр давж улсын начин, дараа жил нь тухайн үед улсын харцага цолтой байсан, өдгөө улсын аварга О.Хангайгаар тав давж, өсөх идэр чимэгтэй болж байв.
Гэвч тэр жилийн наадмаар допингийн шинжилгээнд бүдэрснээр чимгээ хураалгасан түүхтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
