"Дүүжин тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтыг зохион байгуулж байна"
Яармагаас Өнөр хороолол хүртэлх зорчих дүүжин тээврийг энэ оны арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулах гэж буй. Уг тээвэрт асуудал үүсвэл аюулгүй байдлыг Онцгой байдлын байгууллага хариуцна.
Энэ хүрээнд Франц улсын ПОМА компанийн мэргэжилтнүүдийн удирдлага дор өндрөөс аврах ажиллагааны онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулж эхэлжээ.
Сургалтад оролцогчид өндрийн хамгаалах хувийн хэрэгсэл болон аврах ажиллагааны тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг зөв, аюулгүй ашиглах арга барилд суралцаж байгаа бөгөөд дүүжин замын тээврийн байгууламжид аюулгүй нэвтрэх, өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, кабинд байгаа зорчигчдыг онцгой нөхцөлд өндрөөс аюулгүй буулгах зэрэг аврах ажиллагааны онол, практикийн цогц дадлагыг эзэмшиж байгаа аж.
Энэхүү сургалт нь дүүжин замын тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдал, онцгой байдлын үед ажиллах алба хаагчдын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн бэлтгэлийг олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Дүүжин замын тээврийн системд үүсэж болзошгүй онцгой нөхцөл байдлын үед хэрхэн аврах ажиллагааг явуулах сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон холбогдох байгууллагуудын төлөөлөл хамрагдаж байна гэж НТУГ-аас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

