Ш.Отгонбаяр: Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээний шагналын сан өмнөх жилүүдээс гурав дахин нэмэгдсэн
Шагайн харвааны тэмцээн өсвөр үе, ахмад, насанд хүрэгчдийн гэсэн гурван ангиллаар зохион байгуулагддаг байна. Энэ жилийн наадамд ахмадын 23, өсвөр насны 31, насанд хүрэгчдийн 106 баг буюу нийт 1,300 орчим харваачид оролцож байгааг Монголын Үндэсний Шагайн Харвааны Холбооноос мэдээллээ.
Өнөөдөр нас, насны ангиллын шилдэг 8 багийн харваачдын тэмцээн эхэлж байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээний шагналын сан өмнөх жилүүдээс гурав дахин нэмэгдэж, төрөөс үндэсний спортоо бодлогоор дэмжиж байгаад харваачид баяртай байгааг Монголын Үндэсний Шагайн Харвааны Холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр хэллээ.
Харваачдын цол
Харваачдын цол хэргэм, зэрэг дэв нь малгайн урд хадсан цолын тэмдэг болон малгайн ард унжсан улаан туузан дээрх зураасаар ялгардаг. Үндэсний их баяр наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн, Үндэсний спортын их наадмуудад түрүүлж, шөвгөрснөөр нь дараах байдлаар цоллодог. Үүнд:
10 түрүүлбэл – Монгол Улсын Даяар дуурсах дархан мэргэн
3 түрүүлж, 3 шөвгөрсөн бол –Монгол Улсын Үлэмж дархан мэргэн
2 түрүүлж, 2 шөвгөрсөн бол – Монгол Улсын Дархан мэргэн
1 түрүүлж, 2 шөвгөрсөн бол – Монгол Улсын Гарамгай мэргэн
2 удаа шөвгөрсөн бол – Монгол Улсын Хошой мэргэн цол
1 удаа шөвгөрсөн бол – Монгол Улсын Мэргэн цол
Багийн харваанд 3 удаа шөвгөрсөн бол – Монгол Улсын Харьшгүй мэргэн
Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний багийн болон хувийн цуваа харваанд 5 удаа шөвгөрсөн бол Монгол Улсын Өсөх идэр мэргэн цолыг тус тус хүртээнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
