Өмнөд Солонгосын паралимпын хорооны тэргүүн Монголд айлчилж байна

Т.Цэлмэг, IKON.MN
7 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Монголын Үндэсний Паралимпын Хороо (МҮПХ)-ны Ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгоны урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Паралимпын Хорооны Ерөнхийлөгч Жун Жин Ван тэргүүтэй төлөөлөгчид зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн О.Саранчулуун төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр тэрээр өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Монголын пара спортын хөгжилд тогтвортой дэмжлэг үзүүлж, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Солонгосын үндэсний паралимпын хороонд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.

Мөн талууд БНСУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хүртээмжтэй орчин бүрдүүлэх бодлого, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүүхэд, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй саадгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй эрх зүйн зохицуулалт, төрийн бодлогын сайн туршлагын талаар санал солилцлоо. УИХ-ын гишүүн О.Саранчулуун цаашид төрийн өмчийн барилга байгууламжийн хүртээмжийн стандартын хэрэгжилтийг сайжруулах, пара спортын бэлтгэл сургуулалтын орчин, нөхцөлийг сайжруулах асуудлаар Монголын үндэсний паралимпын хороотой нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Үүний дараа төлөөлөгчид МҮПХ-ны ажлын албанд зочилж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүн болон цаашдын хөгжлийн чиглэлийн талаар албан уулзалт хийв.

Уулзалтын үеэр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хамтарсан төслүүдийн үр дүнг онцлон дүгнэсэн бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Монголын тамирчдын олон улсын тэмцээнд оролцох боломж өргөжин, өвлийн пара спортын хөгжлийн суурь тавигдсаныг тэмдэглэлээ. Түүнчлэн Мөрөөдлийн хөтөлбөр (Dream Program)-т хамрагдсан өсвөрийн тамирчдаас Өвлийн паралимпын наадамд өрсөлдсөн тамирчид төрөн гарсан нь хамтын ажиллагааны бодит үр дүн болсныг онцлов.

Мөн энэ үеэр өвлийн пара спортыг урт хугацаанд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр боловсруулах, Мөрөөдлийн хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх болон өсвөрийн болон залуу тамирчдыг жил бүр хамруулах, Монгол Улсад өвлийн пара спортоор хамтарсан бэлтгэл цугларалтыг зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн Монголын үндэсний паралимпын хорооноос “Лос Анжелес-2028” паралимпын наадмын бэлтгэлийн хүрээнд Азийн тэргүүлэх пара спортын бэлтгэлийн төвүүдийн нэг болох Инчоны үндэсний паралимпын бэлтгэлийн төвд Монголын үндэсний шигшээ багийг жил бүр хамтарсан бэлтгэлд хамруулах, залуу дасгалжуулагчдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийн үнэлгээ, сэргээн засах, спортын анагаах ухааны чиглэлээр өндөр түвшний хамтарсан сургалт зохион байгуулах чиглэлээр дэмжлэг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Төлөөлөгчид мөн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, дасгалжуулагч, ангилал тогтоогч, спортын шинжлэх ухаан, тамирчны гүйцэтгэлийн дүн шинжилгээ, хүчний болон бие бялдрын ерөнхий бэлтгэлийн дасгалжуулагч, мэргэжилтнийг мэргэшүүлэх болон богино хугацааны сургалтад хамруулах боломжийг хамтран судлахаар санал нэгдэв.

зураг
 
Төлөөлөгчид пара жүдо, пара таеквондогийн үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулалтын үйл ажиллагаатай танилцаж, тамирчид, дасгалжуулагчидтай уулзан санал солилцлоо. Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Парис-2024” Зуны Паралимпын наадмын аварга У.Сүрэнжаваас Солонгосын үндэсний паралимпын хороонд өөрийн дурсгалын алтан медалийг гардууллаа. Солонгосын төлөөлөгчид энэхүү үнэ цэнтэй дурсгалыг хүндэтгэн хүлээн авч, Солонгосын Спортын музейд хадгалан, олон нийтэд дэлгэн үзүүлэхээ илэрхийлэв.

Энэхүү айлчлал нь Монгол, Солонгосын Үндэсний Паралимпын Хороодын олон жилийн стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, хоёр улсын пара спортын хөгжил, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өндөр амжилтын спортын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Паралимпын Хороо