Дархан аварга Н.Батсуурьт "Тод сонин", улсын заан Б.Пүрэвсайханд "Хуйрнан шуугигч", М.Лхагвагэрэлд "Бат нягт" чимэг олгожээ
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар үзүүрлэсэн аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул цолыг нь хураах шийдвэр гарсан билээ.
Тэгвэл үүнтэй холбогдуулан шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр тушаал гаргасан юм. Тодруулбал Н.Өсөхбаярт унасан бөхчүүдэд чимэг нөхөж олгохоор болсон билээ.
Энэ шийдвэрийн дагуу дархан аварга Намсрайжавын Батсуурийг найм давж үзүүрлэсэн гэж үзсэнээр "Тод Сонин", улсын заан Баатархүүгийн Пүрэвсайханыг долоо давснаар тооцож "Хуйрнан Шуугигч", улсын заан М.Лхагвагэрэлийг зургаа давсанд нь "Бат Нягт" чимэг олгожээ.
Дархан аварга Н.Батсуурь ийнхүү улсын наадамд дөрвөн удаа ес, дөрвөн удаа найм, хоёр удаа долоо, нэг удаа зургаа, нэг удаа тав давсан амжилттай болж буй.
Сонирхуулахад Н.Батсуурь аварга 2020 оны наадмаар үзүүрлэхэд нь "Тод Сонин" чимэг олгож байсан ч допингийн шинжилгээнд бүдэрсэн тул амжилтыг нь хүчингүйд тооцсон аж.
Харин Б.Пүрэвсайхан гурван удаа долоо давсан заан цолтон боллоо. М.Лхагвагэрэлийн хувьд тав давсан амжилтаараа "Хурц шаламгай" чимэгтэй байсан бол одоо эрэмбэ дээшилж байна. Ийнхүү тэрбээр шинэ эрэмбээр Б.Батмөнх, Д.Анар зааны дээр, М.Өсөхбаяр зааны доор бичигдэх боллоо.
Харин Н.Өсөхбаярт тавын даваанд унасан улсын гарди Б.Гончигдамбаас мөн хориотой бодис илэрсэн. Улмаар тэр зодог тайлж байгаагаа мэдэгдсэн тул ямар нэг чимэг нөхөж олгохгүй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
