PUBGM: Манай улсын "Aurora Gaming" багийн 500 мянган ам.долларын төлөө өрсөлдөх тоглолтууд өнөө орой эхэлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг auroragg.mobile цахим хаягаас авав.

Цахим спортын олимп гэгддэг Esports World Cup 2026 тэмцээний PUBG Mobile тоглоомын төрөлд аваргаа тодруулах сүүлийн шат буюу Grand finals-ийн тоглолтууд өнөө орой эхлэх гэж байна. 

Францын нийслэл Парис хотноо зохиогдож буй тус тэмцээнд бүс бүсийн шилдэг 32 баг оролцож, хоёр шаттай өрсөлдсөнөөс аваргын төлөө хүч үзэх 16 баг уржигдар тодорхой болсон. 

Манай улсын "Aurora Gaming" баг (хуучнаар Alpha Gaming баг, өнгөрсөн хавар нэрээ сольсон) хэсгийн шатнаас шөвгийн 16-д тоглох эрхээ авсан юм. Grand finals шатны тоглолтууд гурван өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд өдөр бүр зургаан тоглолт явагдана. Нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноотой баг PUBG Mobile World Cup-2026 тэмцээний аваргаар тодорно.

"Aurora Gaming" багийн бүрэлдэхүүнд PUBG MOBILE тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч TOP буюу А.Бүрэнбаяр болон ZOYL буюу Б.Золбоот, мөн DOK, REFUS, EAST нар тоглож байгаа. 

Тэд өнгөрсөн жилийн тус тэмцээнд Alpha Gaming гэх нэрийн дор тоглож, гуравдугаар байрт шалгарч, шилдэг тоглогчоор DOK У.Дөлгөөн тодорч байсан удаатай. 

PUBG Mobile World Cup-2026 тэмцээн нь нийт гурван сая ам.долларын шагналтын сантай. Grand finals шат нийт 1.7 сая ам.долларын шагналын сантай бөгөөд түрүүлсэн баг 500 мянган ам.доллар, хоёрдугаар байрт шалгарсан баг 250 мянган ам.доллар, гуравдугаар байр эзэлсэн баг 150 мянган ам.доллар авна.