"Энэ жил гэрлийн хурдаар морины өндөр хэмжих төхөөрөмж ашиглана"
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хурдан морины уралдааны талаар дараах мэдээллүүдийг өглөө.
Энэ жил морины стандартыг шинээр батлаад байгаа. Уг стандартаар даага, шүдлэнгийн өндрийг 1 см-аар нэмж авч үзэх юм байна. Тухайлбал даага 127 байсан бол 128-аар, шүдлэн 132 байсан бол 133-аар өндрийг нь авч үзэх юм байна.
Мөн энэ жил гэрлийн хурдаар морь хэмжих төхөөрөмжийг ашиглах бөгөөд уг төхөөрөмж нь Стандарт хэмжилзүйн газраар албан ёсоор батлагдсан байна. Иймд хүний гар оролцохгүйгээр хэмжинэ гэв.
Энэ талаар Хурдан морины салбар хорооны дарга Хошууч Генерал Д.Ганхуяг "Хурдан морины эзэн өөрөө морио хөтлөөд орно. Орохоосоо өмнө дэлийг нь авсан байх ёстой. Иймд уяачид сэрвээний дэлээ сайн засаж ирээрэй. Мөн баяр наадмаас гурав хоногийн өмнө бүртгэлийн дэд ажлын хэсэг, Хурдан морины комисс байршиж ажиллана. Иймд энэ хугацаанд уяачид чөлөөтэй ирээд энэ төхөөрөмжид хэмжиж болно.
Замыг 7-р сарын 6, 7-нд засна. Ахиад бороо орчихвол уралдааны өмнөх өдөр замаа засна. Уяач хүүхдийн хувьд найман нас хүрсэн, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй, осол гэмтлийн даатгал хийлгэсэн хүүхдүүдийг уралдуулна" гэв.
Адууны өдрийг тэмдэглэхтэй холбоотойгоор хурдан морины хуваарьт өөрчлөлт орсон
Адууны өдрийг тэмдэглэхтэй холбоотойгоор хурдан морины хуваарьт дараах өөрчлөлт орсон байна.
- 7-р сарын 10-нд хязаалан, шүдлэн, үдээс хойш эрлийз /сонгомол/ дунд нас уралдана
- 7-р сарын 11-нд азарга, их нас, үдээс хойш сонгомол бага нас уралдана
- 7-р сарын 13-ны өглөө олон улсын уралдаан болно.
Одоогоор 50 гаруй улсад олон улсын уралдааны урилгыг хүргүүлээд байгаа аж. Ирэх гэж байгаа улсын уралдаанчид мал эмнэлгийн газраас авсан зааварчилгын дагуу 8 төрлийн вакцин хийлгэж, хорио цээрийн дэглэмээ бариад ирэх ёстой гэв.
Мөн 7-р сарын 13-ны өдөр 11:40-13:40 цагийн хооронд морин парад болох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
