Нидерландын шигшээгийн довтлогч Коди Гакпо гоол оруулсныхаа дараа нулимс унагасны учир...

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хасагдах шатанд учраа таарсан Нидерланд, Мароккогийн багийн тоглолтын 71 дэх минутад эхний гоолыг Коди Гакпо оруулсан.

Дөрвөн жилийн өмнө Катарт болсон ДАШТ-д гурван гоол оруулснаар том багуудын хараанд өртсөн Гакпо тэр цагаас хойш Английн "Ливерпүүл"-д данстай яваа билээ. 

Тэгвэл энэ ДАШТ-ээр ч том тэмцээнд гоолын одтой тоглогч гэдгээ батлан гурван гоол оруулсан юм. Тэрбээр сүүлийн гоолоо Мароккогийн эсрэг оруулсныхаа дараа нулимс унагаж, багийнхан нь түүний энэ сэтгэл хөдлөлийг нийтэд харуулахгүй гэсэндээ тойрч зогссон.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэгвэл довтлогч эрийн хамтран амьдрагч модель Ноа ван де Биж өнгөрсөн Бямба гарагт ураг зулбаснаа олон нийтэд мэдэгдсэн юм. Ар гэрт нь ийм асуудал гарсан ч 27 настай довтлогч эр найз бүсгүйтэйгээ зөвлөлдсөний эцэст тэмцээнээ үргэлжлүүлэхээр шийдсэн аж.

Хосууд өнгөрсөн оны аравдугаар сард хүүтэй болсон бөгөөд үүнээс хойш хоёр дахь үрээ тээж байгаагаа зарлаад байв. 

Харин Гакпо Мароккогийн эсрэг тун чухал гоол оруулсныхаа дараа сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй юм.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр хөлдөө зовуурь мэдэрсэн тул нэмэлт цагийн 113 дахь минутад сэлгээнд сууж оронд нь Жастин Клюверт талбайд гарсан билээ. Клюверт торгуулийн цохилт алдсан Нидерландын гурван тоглогчийн нэг болсон юм.

Шигшээ баг нь торгуулийн цохилтоор хожигдсоноор Гакпо хоёр ДАШТ-д нийт зургаан гоол оруулсан амжилттайгаар дараагийн тэмцээнийг хүлээх нь. Өдгөө 27 настай түүнд дөрвөн жилийн дараа ч дахин тоглох боломж бий.