Иркутск мужид шатахууны хязгаарлалт тогтоосны маргааш эрх баригчид бензин дамлан худалдсан этгээдүүдийг шийтгэжээ

Т.Давааням, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Иркутск мужийн захиргаа бензин шатахууны түгээлтэд хязгаарлалт тогтоож байгааг Ням гарагт зарласан билээ.

Тус мужийн захирагч Игорь Кобзев шатахууны нийлүүлэлт хангалтгүй байгаатай холбогдуулан Роснефтийн бүх түгээх станцуудад нэг автомашинд 50 литрээс илүү бензин өгөхгүй болсныг мэдэгдсэн юм.

Ингэснээр Украины хилээс хэдэн мянган километрийн зайд оршдог Иркутск муж бензин шатахууны түгээлтэд хязгаарлалт тогтоосон Оросын олон арван бүс нутгийн нэг болжээ.

Тэгвэл энэхүү шийдвэрийг зарласны маргааш мужийн хууль сахиулах байгууллагууд бензинийг дамлан худалдаж байсан дөрвөн хүнийг торгож шийтгэснээ зарласан байна.

Тэдний нэг нь шатахуун түгээх станцын ойролцоо бензин зарж байгаад баригдсан бол бусад гурав нь онлайн сүлжээнд литр бензинийг 250 рублиэр зарж байгаад баригдсаныг орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.

ОХУ даяар бензиний дундаж үнэ оны эхнээс хойш 9.8 хувиар өсөж, литр тутам нь 71.20 рубль болсон байна.

Иркутск мужийн цагдаагийн газар шатахуун түгээх станцууд дээр автомашиндаа бензин хийлгүй, тусдаа саванд нөөцлөн авахыг оролдвол өндөр торгуулиар шийтгэхийг жолооч нарт анхааруулжээ.

Сүүлийн саруудад Украины тал Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд нисгэгчгүй онгоцоор довтлохоо улам эрчимжүүлсэн нь бензин шатахууны ноцтой хомсдол үүсгээд байна.

Үүн дээр зуны аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын идэвхжил давхар нөлөөлж байгаа.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн амралтын өдөр үг хэлэхдээ Украины агаарын цохилтууд тус улсын түлш шатахууны хангамжид “тодорхой хэмжээний хомсдол” учруулж байгааг хүлээн зөвшөөрсөн юм.

 

Эх сурвалж: The Moscow Times