Путинтэй уулзсаныхаа дараа Хятадад айлчилсан Лукашенко тусгаар тогтнолоо Ши Жиньпиний амлалтаар баталгаажуулав

Т.Давааням, ikon.mn
1 цаг 15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан бол дараа нь тэндээсээ шууд БНХАУ-д айлчилж, тус улсын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзжээ.

Лукашенко айлчлалынхаа үеэр Хятадад байх нь “гэртээ ирсэн мэт сэтгэгдэл төрүүлдөг” гэж Ши Жиньпинд хэлснийг түүнийг дагалдан яваа Беларусийн хэвлэлүүд Даваа гарагт мэдээлсэн байна.

Харин Хятадын талын албан мэдэгдэлд Беларусь улсын бүрэн эрхэт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэхээ Ши Жиньпин амласныг дурджээ.

Мөн Хятад, Беларусь улсууд стратегийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, хоёр талын харилцааг өндөр түвшинд хөгжүүлэх ёстойг тэр онцолсон гэнэ.

Лукашенко өмнө нь Москва, Санкт-Петербургийн дунд оршдог Валдай дахь ОХУ-ын ерөнхийлөгчийн ордонд Путинтэй хоёр өдөр уулзсан юм.

зураг
 

Урьдчилан зарлаагүй энэ уулзалт Украинтай холбоотой сүүлийн үеийн хурцадмал байдлыг тойрсон янз бүрийн таамаг дагуулж байв.

Орос улс Беларусийг дайнд илүү гүнзгий оролцуулахаар шахаж байгаа гэж Украины эрх баригчид үздэг.

Хэдийгээр Беларусь улс 2022 онд Оросын цэрэг Украинд халдан довтлоход нутаг дэвсгэрээ ашиглуулсан ч шууд оролцохоос зайлсхийсээр байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийнх нь нутаг дэвсгэрийг чиглэсэн Оросын нисгэгчгүй онгоцны цохилтыг чиглүүлдэг радио станцуудаа унтраахыг Лукашенкогоос шаардаж байсан юм.

Беларусь улс уг шаардлагыг биелүүлснийг сүүлд Зеленский мэдээлж байв.

Лукашенко саяхан Аль Арабия сувагт өгсөн ярилцлагадаа Беларусь улс Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртөх өндөр эрсдэлтэй байгааг хүлээн зөвшөөрч, хэрвээ буруу өнгө аястай зүйл өмнө нь хэлж байсан бол уучлахыг Зеленскийгээс гуйсан юм.

Валдайн уулзалтын талаар сүүлд ганцхан Путин мэдэгдэл хийсэн байна. Ингэхдээ тэр Киевийн эрх баригчдын “бүдүүлэг үг хэллэг” Лукашенког айлгахгүйг хэлсэн юм.

Путин бас Беларусийн зуучлагчийн үүрэг оролцоог өндрөөр үнэлсэн байна. “Яриа хэлэлцээ хийх үед бид Беларусийн боломжийг ашиглаж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр хэлжээ.

Лукашенкогийн айлчлалын талаар мэдээлэхдээ Хятадын тал юуны өмнө Беларусийн тусгаар тогтнолыг онцолсон нь Москва, Киевийн аль алинд нь чиглэсэн дохио гэж үзэж болохоор байна.

Ши Жиньпин үймээн самуунтай дэлхийд Хятад улс Беларусьтай хамт тогтворжуулагч хүчин болоход бэлэн байгааг бас илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Associated Press