"Шүлхий өвчний дэгдэлт өндөр байгаа ч зарим ан агнуурын ААН-үүд ан хийх гэж улайрч, ДЦГ-т агнуур хийж байна"
Дархан цаазтай бүсээс 10 гаруй зэрлэг амьтан хууль бусаар агнасан байж болзошгүй тухай баримт, мэдээлэл хууль бус агнуурын зөвшөөрөл, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилттэй холбоотой ноцтой асуудлуудын талаар Монголын ан агнуурын салбарын ААН компаниудын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
"Эдгээр нөхдийн агнуурын бүс нутагт агнах амьтан байхгүй болчихсон учир Дархан цаазат газрын амьд баялгийг нэг дор хядаж байна"
Ан агнуурын мэргэжлийн ААН-ийн төлөөлөл "2023 оноос Монгол Улсын ан агнуурын тогтолцоо дуудлага худалдааны хэлбэрт орсон. 2024 оноос эхлэн тодорхой цөөн хэдэн 5, 6 компани нийлээд тусгай зориулалтын ан агнуурт "Соёлын угалз" нэрээр тусдаа дуудлага худалдаанд ордоггүй лиценз гаргаж ирээд түүгээрээ хууль бус агнуур хийсэн.
Тус лиценз нь бидний ойлгож байгаагаар зураг авах, музейн зориулалтын чихмэл хийх тусгай зөвшөөрөл гэтэл нэр бүхий компаниуд "Соёлын угалз" нэрийн дор гадаадын анчдыг монголд оруулж ирж ан хийсэн ноцтой баримтууд дэлгэгдсэн.
2025 онд "Соёлын угалз" нэрээ өөрчлөн энэ жил зохион байгуулагдах COP-17 хурлын нэрийн дор цөлжилтийн эсрэг тэмцэх COP-17-н эрдэмтэд Монголд ирж Угалз агнана гэсэн тусгай зориулалтын 11 лиценз гаргасан байна. Түүнийгээ энэ хэдэн компаниуд өөрсдийн хариуцдаг агнуурын бүсүүд дээрээ хуваарилуулан хууль бус ангууд хийсэн гэж үзэж байна.
Мөн БОУАӨ-ийн сайдын зөвлөх асан сайдын зөвлөх байх үедээ маш олон ноцтой гэмт хэргийг хийснийг бид АТГ болон холбогдох хуулийн байгууллагуудад хүргүүлэхээр бэлдсэн байгаа. Тухайлбал Өмнөговь аймгийн Говь Гурван Сайхан дархан цаазат газраас сайдын зөвлөх асан болон бусад этгээдүүд нийлээд нийт 12 амьтан буудсан байна. Хоёрыг нь машинаар хөөж алсан байна. Тэр баримтуудыг бид эхнээс нь баримтжуулаад Экологийн цагдаад өгсөн.
Хувийн компанийн захирал төрийн сайдын зөвлөх болоод төрийн эрх мэдлийг яаж өөрийн талд яаж ашигласан энэ процессоос мафи үүссэн гэж харж байна. Түүнчлэн сайдын зөвлөх хүн өөрөө дуудлага худалдаанд орсон байна.
Эдгээр нөхдийн агнуурын бүс нутагт агнах амьтан байхгүй болчихсон учир Дархан цаазат газарт хууль бусаар агнуур хийж байна. Монголын амьд баялгийг нэг дор хядаж байна" гэв.
"Шүлхийтэй зэрлэг амьтан олон улс руу гарсан тохиолдолд Монголын нэр хүнд алдагдана"
Ан агнуурын мэргэжлийн ААН-ийн төлөөлөл н.Сэргэлэн "Соёлын зориулалтаар агнуулах тусгай зөвшөөрлүүд зөвхөн 100 хэдэн ААН-үүдэд хоёр жил очсон байна. Би Захиргааны хэргийн шүүхэд зөвхөн саяны нэр дурдагдсан ААН-үүдэд хуваарилагдсан тусгай зөвшөөрөл нь бусдын шударга өрсөлдөөнийг зөрчсөн, монопол байдал үүсгэсэн гэх асуудлаар шүүхэдсэн. Анхан шат болон давж заалдах шатны шүүхүүдээр илтэд хууль зөрчсөн байна гэж үзсэн.
Дуудлага худалдаа цахимаар яаж явагдах зэрэг нь маш бүдэг хуультай. Дуудлага худалдаагаар цугласан төсвийн 50 хувийг аймаг орон нутгийн амьтан хамгаалах санд зарцуулах ёстой. Үлдсэн 50 хувь нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Уур амьсгалын өөрчлөлтийн санд цугладаг. Үүнийг цааш шалгуулна" гэв.
Түүнчлэн шүлхий маш өндөр хэмжээнд тархсан байгаа. Улсын онцгой комисс анх дүгнэлт гаргахдаа урдаас янгирын хөлөөр дамжиж SAT-1 орж ирсэн гээд байхад энэ хэдэн компаниуд ан хийх гээд улайраад байна. Шүлхийтэй зэрлэг амьтан олон улс руу гарсан тохиолдолд Монголын нэр хүнд алдагдана гэдгийг тэд онцлов.
Иймд ан агнуурын 14 компани шүлхий өвчний дэгдэлт өндөр байгаа учир нийгмийн хариуцлагын хүрээнд 2026 оны ан агнуурын үйл ажиллагаанаас сайн дурын үүднээс татгалзаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

