Монгол Улсын Их Сургуульд хуванцар цуглуулах “RECYCLING CHAMPION” уралдааныг амжилттай зохион байгууллаа
Монгол Улсын Их Сургууль болон “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан. Энэ хүрээнд МУИС-ийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу багш, ажилтан, оюутнуудад хог хаягдлаа ангилж ялгах дадал хэвшил төлөвшүүлэх зорилготой “Recycling Champion” хуванцар цуглуулах уралдааныг амжилттай зохион байгууллаа.
М-Си-Эс Кока-Кола компанийн санаачилгаар хэрэгжсэн энэхүү уралдааныг Ти Эм Эл үйлдвэр болон МУИС-ийн холбогдох газар, нэгжтэй хамтран зохион байгуулсан бөгөөд уралдааны хүрээнд сар гаруйн хугацаанд хуванцар цуглуулжээ.
Хог хаягдлын менежментийг ахисан түвшинд нэвтрүүлэх, зөв дадал хэвшлийг түгээх зорилгоор Монгол улсын их сургуулийн хичээлийн байр бүрд хуванцар ангилах зориулалтын савыг байршуулсан байдаг.
Уралдааны хүрээнд сургуулийн зохион байгуулагч, үйлчилгээний ажилтан болон оюутны холбооны төлөөлөлд PET төрлийн хуванцрын хаягдлыг зөв ангилан ялгах талаар сургалтыг зохион байгуулж, улмаар нийт багш, оюутнуудад хуванцрыг дахин боловсруулахын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн, хичээлийн байртаа цуглуулсан дахиврыг нэгтгэн дахин боловсруулах үйлдвэр рүү долоо хоног тутам тогтмол тээвэрлэх ачилтыг салбар сургууль тус бүрд нэвтрүүлснээр “Recycling Champion” уралдаанд оролцох оюутны идэвх нэмэгджээ.
Мөн уралдаанд оролцогчид өөрийн сургуульдаа хуванцрыг хэрхэн ангилдаг тухай бүтээлч рийл бүтээж, бусдадаа туршлагаасаа хуваалцсан байна.
Уралдаанд тус сургуулийн 8 салбар сургуулийн 16,000 гаруй багш, ажилтан, оюутан идэвх санаачилгатай, бүтээлчээр оролцож, нэг сарын хугацаанд 3,5 тонн хуванцар цуглуулж чаджээ. Ийнхүү зөв ангилж цуглуулсан сав нь Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд болох “Bonaqua” усны савны түүхий эд болж, дахин боловсруулагдаж буй юм. Хуванцар савыг ийнхүү хүнсний зориулалттайгаар дахин боловсруулах нь анхдагч түүхий эдээр хуванцар сав үйлдвэрлэснээс хүлэмжийн хийн ялгарлыг 3700кг -аар бууруулж буй аж.
Энэ нь 61,334 гаруй ширхэг модны бүтэн өдрийн турш шингээхтэй дүйцэх хэмжээний нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах үр нөлөөтэй юм.
Хуванцраа хэрхэн зөв ангилах вэ?
Сонирхуулахад, Эх дэлхийгээ хайрлах үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хэн бүхэн “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн цуглуулалтын албатай 7610-7711 дугаараар холбогдож, хуванцраа хүлээлгэн өгөөрэй.
ЗААВАР: Хуванцраа хэрхэн ангилах вэ?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
