Мягмар гарагт Иранд довтлох гэж байснаа Персийн булангийн орнуудын ятгалгаар хойшлуулсныг Трамп мэдэгдэв
АНУ-ын зэвсэгт хүчин өнөөдөр буюу Мягмар гарагт Иранд довтлох гэж байсан ч Персийн булангийн орнуудын ятгалгаар уг төлөвлөгөө цуцлагдсаныг ерөнхийлөгч Трамп мэдэгджээ.
Дайныг дуусгах “нухацтай яриа хэлэлцээ” явагдаж байгаа шалтгаанаар Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсуудын удирдагчид “төлөвлөгдсөн цохилтоо хойшлуулах” хүсэлт тавьсныг тэр тайлбарласан байна.
Гэсэн хэдий ч яриа хэлэлцээ хүлээн зөвшөөрөгдөхүйц үр дүнд хүрэхгүй бол Ираны эсрэг бүрэн хэмжээний, өргөн цар хүрээтэй байлдааны ажиллагаа явуулахад АНУ бэлэн байгааг Трамп анхааруулжээ.
Дөрөвдүгээр сарын дундуур талууд дайны галаа түр зогсоож, яриа хэлэлцээний ширээнд суусан ч тохиролцож чадахгүй байгаа.
Ням гарагт Трамп “цаг явсаар байгааг” Ираны эрх баригчдад сануулаад “хурдан хөдлөхгүй бол тэднээс юу ч үлдэхгүй” хэмээн анхааруулсан юм.
Тегераны эрх баригчидтай ямар ч тохиролцоонд хүрсэн энэ нь Ираныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад хүргэх ёстойг Трамп байнга шаардаж байгаа.
Даваа гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа тэр Иранд явуулах ажиллагааг “хоёроос гурван өдрийн хугацаанд хойшлуулсан” гэж хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Бээжинд айлчлахдаа Хятадын төрийн тэргүүнтэй Ираны асуудлыг Трамп хэлэлцсэн бөгөөд дараа нь хоёр удирдагч “Тегеран цөмийн зэвсэгтэй болох ёсгүй” гэсэн санал дээр нэгдсэнийг Цагаан ордон мэдээлж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
