Конго улсад нэг иргэн нь Эбола вирусийн халдвар авсны дараа АНУ хилийн хяналтаа чангатгалаа
Африк тивийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго болон Уганда улсуудад дэгдсэн эбола вирусийн тархалтыг зогсоох олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чармайлт үргэлжилж байна.
Одоогоор уг дэгдэлтийн улмаас нас барсан хүний тоо 100 даваад байгаа юм.
Тэгвэл Конго улсад ажилладаг иргэн нь эбола вирусийн халдвар авсныг АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв өчигдөр мэдээлжээ.
Албаныхан өвчтөний нэрийг зарлаагүй ч загалмайн шашны тусламжийн байгууллагын эмч Питер Стаффорд болохыг бусад эх сурвалжууд баталсан байна.
Түүний гэргий Ребека Стаффорд болон өөр нэг эмчийг мөн ажиглалтад авсан байгаа гэнэ. Тэд вирусийн дэгдэлт эхэлснээс хойш халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж байжээ.
Тэдний дөрвөн хүүхдийг бас ажиглалтад аваад байгаа гэнэ.
Ням гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) энэ удаагийн дэгдэлтийг “олон улсын анхаарлын төвд орсон нийтийн эрүүл мэндийн онц байдал” гэж тодорхойлсон.
Гэхдээ “цар тахлын онц байдал” ангилалд шилжих шалгуурыг хараахан хангаагүй байгааг мэдэгдсэн юм.
Иргэнээс нь эбола вирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан АНУ-ын засаг захиргаа өчигдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд “Title 42” нэртэй нийтийн эрүүл мэндийн хуулийг хэрэгжүүлж байгааг зарлажээ.
1944 онд батлагдсан энэ хууль халдварт өвчин дэгдсэн тохиолдолд АНУ-ын хилийн хяналтыг чангатгах зорилготой бөгөөд анх коронавирусийн цар тахлын үеэр 2020 оны гуравдугаар сараас 2023 оны тавдугаар сар хүртэл хэрэгжиж байв.
Тэгвэл Эболагийн дэгдэлттэй холбоотойгоор хоёр дахь удаагаа хэрэгжиж байна.
Даваа гарагаас эхлэн уг хуулийн дагуу эболагийн дэгдэлтийн бүс нутгаас ирсэн АНУ-ын иргэдийг өргөтгөсөн үзлэг шинжилгээнд хамруулах, сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд Конго, Уганда, Өмнөд Судан улсуудад зорчсон гадаадын иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхгүй болж байна.
Ням гарагт АНУ-ын төрийн департамент Конго, Уганда улсуудад зорчихгүй байх шинэ анхааруулгыг иргэддээ өгсөн юм.
Даваа гарагийн байдлаар Конго, Уганда улсуудад эбола вирусийн халдвараар 106 хүн нас барж, халдварын 395 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Энэ удаагийн дэгдэлтийн үеэр өвчтөнүүдээс эбола вирусийн Бундибугио хувилбар илэрч байгаа бөгөөд энэ хувилбарын үхлийн түвшин 25-40 хувийн хооронд хэлбэлздэг юм байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
