Энхийн яриа хэлэлцээ үр дүнд хүрээгүй тул Ираны боомтуудыг өнөөдрөөс эхлэн хааж байгааг ерөнхийлөгч Трамп зарлав
Ойрх Дорнодод энх тайван тогтоох АНУ-Ираны яриа хэлэлцээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Пакистаны нийслэл Исламабад хотод үргэлжилсэн ч үр дүнд хүрэлгүй өндөрлөжээ.
Үүний улмаас АНУ-ын тэнгисийн байлдааны хөлгүүд Ираны боомтуудын орох, гарах хөдөлгөөнийг хаах арга хэмжээ авч байгааг ерөнхийлөгч Дональд Трамп зарласан байна.
Уг ажиллагаа АНУ-ын зүүн эргийн цагаар Даваа гарагийн өглөөний 10:00 цагаас эхлэхээр болжээ.
Ормузын хоолойгоор зөвхөн Ираны бус боомтуудыг чиглэсэн ачааны хөлгүүдийг нэвтрүүлэхээр болж буйг АНУ-ын цэргийн төв тойргийн командлал тайлбарласан байна.
Харин Ираны боомтуудад хүрэх болон боомтуудаас гарах хөлгүүдийг Ормузын хоолойгоор нэвтрүүлэхгүй болжээ.
Пакистаны нийслэлд болсон яриа хэлэлцээ Тегераны эрх баригчид “цөмийн зэвсэг бүтээх зорилгоосоо татгалзахыг хүсээгүй” тул мухардсаныг Трамп тайлбарласан байна.
Харин Ираны тал тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байсан ч АНУ-ын тал “үндсэн зорилгоосоо хазайж, хэтэрхий их буулт хийхийг шаардсан” тул бүтэлгүйдсэн гэж тайлбарласан юм.
Пакистаны уулзалтад Ираны төлөөлөгчдийг ахалсан парламентын спикер Мохаммад Багер Галибаф тус улс “ямар ч сүрдүүлэгт бууж өгөхгүй” гэж мэдэгджээ.
Исламын Хувьсгалт Гвардын тэнгисийн хүчин Ормузын хоолойд ойртсон байлдааны ямар ч хөлгийг гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж үзээд хатуу арга хэмжээ авахаа анхааруулсан байна.
Пакистаны яриа хэлэлцээ бүтэлгүйдсэн сургаар Ням гарагт газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөж эхэлжээ. Дайтагч талууд галаа зогсоосны дараа баррель нь $100-аас доош буугаад байсан Брент ангиллын түүхий газрын тосны баррель тутмын үнэ 7.5 хувиар өсөж, $102.37 хүрсэн бол WTI ангиллын түүхий газрын тосны үнэ баррель тутам нь 8.3 хувиар өсөж, $104.56 хүрээд байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
