OpenAI компани текстээс видео үүсгэгч Sora аппликэйшнээ хааж байгааг зарлалаа
Хиймэл оюуны технологийн тэргүүлэгч компаниудын нэг OpenAI текстээс видео дүрс үүсгэгч Sora аппликэйшнийхээ хөгжүүлэлтийг зогсоож байгааг өчигдөр зарласан нь гэнэтийн үйл явдал байлаа.
“Sora-тай хамт бүтээж, хуваалцаж, түүнийг тойрсон хүрээлэл бий болгосон бүх хүмүүст баярлалаа. Та бүхний Sora-тай хийсэн зүйлс чухал байсан бөгөөд энэ мэдээнд сэтгэл дундуур байгааг бид ойлгож байна” гэж OpenAI компани сошиал хуудсаараа мэдэгджээ.
Тус компани 2024 оны сүүлээр Sora платформыг анх олон нийтэд танилцуулсан ч өнгөрсөн оны есдүгээр сард Sora 2 хувилбарыг бие даасан аппликэйшнтэй болгосноор олны анхаарлын төвд орсон юм.
Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа уг аппликэйшн Apple-ийн Апп дэлгүүрт таталтын тоогоор тэргүүлж байжээ.
Хүмүүс үүнийг ашиглан маш олон төрлийн хийсвэр видео дүрсийг бүтээж, хоорондоо сошиал сүлжээ байдлаар хуваалцдаг байв.
Гэхдээ үүнийг дагаад хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлах үзэл сурталчилсан болон оюуны өмчийн зөрчилтэй видео бичлэгүүд олноор бүтээгдэж байлаа.
Ердөө гурван сарын өмнө OpenAI оюуны өмчийн асуудлыг зохицуулах зорилгоор Disney компанитай 200 гаруй дүрийг нь албан ёсны зөвшөөрөлтэй ашиглах гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж байв.
Sora аппликэйшнийг хааснаар уг гэрээ бас дуусгавар болж байна.
OpenAI компани Sora аппликэйшнийг хаах хугацаа болон хүмүүсийн бүтээсэн видео бичлэгүүдийг хэрхэн хадгалж авах талаар мэдээллийг удахгүй зарлах гэнэ.
Sora аппликэйшнийг хаах болсон нь хэд хэдэн шалтгаантай гэж ажиглагчид үзэж байна.
Тухайлбал видеог үүсгэхэд гардаг техникийн асар их зардал орлоготой нь харьцуулахад хэтэрхий өндөр болсон, хэрэглэгчийн өсөлт хангалтгүй байсан, хортой контенттой холбоотой ёс зүйн болон хуулийн эрсдэл өссөн, Anthropic зэрэг бусад өрсөлдөгчдийн хэрэгжүүлж буйтай ижил илүү ач холбогдолтой төслүүдэд хүчээ төвлөрүүлэх шаардлагатай болсон зэргээр тайлбарлажээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

