Израил улс Палестинчуудыг хорьдог шоронгийнхоо харуул хамгаалалтад матруудыг ашиглахаар төлөвлөж байна

Т.Давааням, ikon.mn
2 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Израилын байгаль орчны сайд Идит Силман матрыг зэрлэг амьтан ангиллаас “гаршуулсан зэрлэг амьтан” ангилалд шилжүүлэх шийдвэр гаргаснаар уг амьтныг шоронгийн хамгаалалтад ашиглах боломж нээгджээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Палестины хоригдлуудын байрладаг шоронг матруудаар бүслүүлж, оргохоос сэргийлэх арга хэрэглэх санал дэвшүүлж байсан Израилийн үндэсний аюулгүй байдлын сайд, хэт үндсэрхэг үзэлтэн Итамар Бен Гвир уг шийдвэрийг талархан хүлээж авч байгаагаа мэдэгдээд “Та оргох гэж байгаа бол дахин нэг бодож үзээрэй!” гэж сошиал хуудсандаа бичсэн байна.

Ингэхдээ тэр хиймэл оюунаар өөрийгөө матартай холбож харуулсан зургийг хавсаргажээ.

Уг зурагтаа “Бен Гвир, Силман сайд нар хамтран ажиллаж, шоронгуудыг матруудаар мануулах гэж байна” гэсэн тайлбар зүүсэн байна.

зураг
 
Итамар Бен Гвир

Бен Гвирийг анх саналаа дэвшүүлэхэд Израилийн Байгаль, Хүрээлэнгүүдийн Захиргаа эсэргүүцэж байсан юм. Бас шоронгийн зарим удирдлагууд сайдынхаа саналыг шоолж, доог тохуу хийж байсан гэдэг.

Ангиллыг нь өөрчилснөөр Бен Гвирийн удирдлагад байдаг Израилийн Шоронгийн Алба матруудыг аюулаас хамгаалах зорилгоор ашиглах боломжтой болж байгаа ажээ.

Ангилал өөрчлөх журмын төсөл Лхагва гарагт батлагдсан байна.

Channel 13 сувгийн мэдээлснээр Бен Гвир 2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Израилийн нутаг дэвсгэрт халдсан Хамас зэвсэгт байгууллагын олзлогдсон гишүүд хоригддог тус улсын өмнөд бүсийн Кетзиот шоронг тойруулан Нил мөрний матруудыг үржүүлэхээр төлөвлөсөн гэнэ.

 

Эх сурвалж: AFP