Йордан дахь АНУ-ын цэргийн бааз Ираны агаарын цохилтод өртсөний улмаас хоёр цэрэг алагдаж, нэг цэрэг сураггүй болжээ
Йордан улс дахь АНУ-ын цэргийн баазыг чиглэсэн Ираны нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас хоёр цэрэг амь үрэгдэж, нэг цэрэг сураггүй алга болж, хэд хэдэн цэрэг шархадсан тухай Пентагон өчигдөр мэдээлжээ.
Энэ нь сүүлийн хэдэн сарын хугацаанд АНУ-ын цэргийн алба хаагч тулааны талбарт амь үрэгдсэн анхны тохиолдол болж байна.
Бас ерөнхийлөгч Дональд Трамп нэр хүндийг нь унагасан Ираны дайнаас олон нийтийн анхаарлыг холдуулахыг чармайж буй цаг үед ийм хохирол учирлаа.
“АНУ-ын цэргийн төв командлал болон түүний холбоотнууд Ираны баллистик пуужин, нисгэгчгүй онгоцны дайралтаас хамгаалж байх үед Йордан дахь манай цэргийн хоёр алба хаагч амиа алдлаа. Үүнээс гадна нэг алба хаагч одоогоор сураггүй алга болоод байна” гэж Пентагоны мэдэгдэлд өгүүлжээ.
Баасан гарагт болсон уг халдлагын дараа шархадсан дөрвөн алба хаагчийг Йорданы эмнэлгүүдэд хүргэснийг бас мэдээлсэн байна.
“Баатруудыг бурхан ивээг. Тэдний золиос биднийг улам шийдэмгий болгож байна” гэж Пентагоны тэргүүн Пит Хэгсэт сошиал хуудсандаа бичжээ.
Хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн дайны турш АНУ-ын цэргийн хохирлын хэмжээ харьцангуй бага байсан ч Бямба гарагийн мэдээ уг сэдвийг дахин анхаарлын төвд оруулж байна.
Баасан гарагийн халдлагаас өмнө АНУ-ын нийт 14 алба хаагч амь үрэгдэж, 430 гаруй цэрэг шархдаад байсан юм.
Ормузын хоолойг дахин хаасантай холбогдуулан өнгөрч буй долоо хоногийн турш АНУ-ын арми Ираны дэд бүтэц, эрчим хүчний байгууламжуудад агаараас довтолсон.
Тэгвэл сүүлийн халдлага нь Иран улс АНУ-ыг цохилтыг тэсвэрлэж, хариу арга хэмжээ авах чадвартай хэвээр байгааг харуулж байна.
Йорданы баазад довтлохоосоо хэдхэн минутын өмнө Ираны дээд удирдагч хэрвээ АНУ цохилтоо үргэлжлүүлсээр байвал “мартагдашгүй сургамж” өгөхийг анхааруулж байсан юм.
Одоогоос нэг сар орчмын өмнө АНУ, Ираны талууд түр гал зогсоох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байв.
Ираны удирдагч Можтаба Хаменигийн мэдэгдэлд уг санамж бичигт зурсан Трампын гарын үсгийг “үнэ цэнэгүй, хүчингүй” гэж тодорхойлсон байна.
Бямба гарагт Ираны өөр нэг халдлагын улмаас Кувейт улсын ус цэвэршүүлэх станц, газрын тосны байгууламжид хохирол учирчээ.
Кувейт улс ундны усныхаа 90 хувийг далайн усыг давсгүйжүүлэх замаар хэрэглэдэг тул энэ нь ноцтой аюул юм.
Пүрэв гарагт үг хэлэхдээ Трамп АНУ-ын сонгуулиудын үр дүнд Хятад улс нөлөөлдөг гэж мэдэгдсэн нь Ойрх Дорнодын дайн болон арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулиас олон нийтийн анхаарлыг сарниулах гэсэн оролдлого гэж зарим шинжээчид дүгнэж байна.
Судлаачдын тооцоолсноор АНУ-ын уг дайнд зарцуулж буй мөнгөний хэмжээ өдрийн $500 саяас $1 тэрбумд хэлбэлзэж байгаа гэнэ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

