Шоуны үзэгчдийн тоо хангалтгүй байсны улмаас BTS хамтлагийн агентлагийн хувьцааны ханш унав
Дэлхийн K-pop урлагийн тэргүүлэгч BTS хамтлагийн дөрвөн жилийн дараах анхны нэгдсэн тоглолт Бямба гарагт Сөүл хотын төвд зохион байгуулагдсан билээ.
Өнгөрсөн дөрвөн жил нь тус хамтлагийн долоон гишүүн Өмнөд Солонгосын армид хугацаат цэргийн алба хаах болсонтой холбоотой уран бүтээлийн завсарлага байсан юм.
Бямба гарагийн тоглолтыг 104,000 орчим хүн биечлэн үзсэн гэсэн тоо гарсан. Гэвч энэ нь 250,000 орчим хүн үзэх урьдчилсан тооцооны талд нь ч хүрээгүй байна.
Тиймээс Даваа гарагийн арилжааны үеэр BTS хамтлагийн HYBE агентлагийн хувьцааны ханш Сөүлийн хөрөнгийн бирж дээр 15.5 хувиар унажээ.
HYBE-ийн хувьцааны ханш BTS хамтлагийн энэ онд эхлүүлэх аялан тоглолт, Баасан гарагт худалдаанд гарсан “Arirang” цомгийн нөлөөгөөр өсөөд байсан юм.
Үзэгчдийн тоо хангалттай байгаагүй нь Өмнөд Солонгосын эрх баригчдын хэт олон хүн цугларахаас сэргийлсэн хатуу хяналт, зохицуулалттай холбоотой байх магадлалтай байна.
Тоглолтыг Нэтфликс платформ дэлхийн 190 гаруй улсад шууд дамжуулсан юм. Тус платформын статистик үзүүлэлт энэ долоо хоногийн сүүлээр гарна.
“Arirang” цомог худалдаанд гарсан эхний өдрөө 3.98 сая хувь борлогдсоныг HYBE агентлагийн дэргэдэх Big Hit Music студи Бямба гарагт зарласан.
Гванхвамуны талбайд болсон тоглолтын үеэр BTS хамтлаг шинэ цомгийнхоо дуунуудыг “Butter”, “Dynamite” зэрэг хит дуунуудынхаа хамт дуулсан юм.
BTS хамтлагийн нэг жил гаруй хугацаанд үргэлжлэх аялан тоглолт ирэх сард эхлэх гэж байна. Энэ үеэр тэд дэлхийн 23 улсын 34 хотод нийт 82 тоглолт зохион байгуулах юм.
2019 онд сүүлийн аялан тоглолтоо зохион байгуулж байсан тус хамтлагийн хувьд өнөөдөр Blackpink, Seventeen, Stray Kids хамтлагууд болон “Kpop Demon Hunters” киноны зохиомол хамтлаг зэрэг олон өрсөлдөгч бий болоод байгаа.
Нэтфликс уг энимэйшн киноныхоо үргэлжлэлийг бүтээхээр болсноос гадна HUNTR/X хамтлагийн аялан тоглолтыг нь зохион байгуулахаар төлөвлөж буй гэсэн мэдээлэл бий.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
