Ким Жон Уны дүү Японы ерөнхий сайдын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санаачилгыг няцаав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Японы ерөнхий сайд Санае Такаичи өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахдаа Умард Солонгосын удирдагчтай нүүр тулан уулзах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Тэгвэл өчигдөр буюу Даваа гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү болох эрх баригч намын өндөр албан тушаалтан энэ талаар хариу байр суурь илэрхийлжээ.

Солонгосын Төв Мэдээний Агентлагийн нийтэлсэн мэдэгдэлд Ким Ёо Жон “Энэ бол Япон улсын хүсэл, эсвэл шийдвэрээр биелдэг зүйл биш. Хэрвээ Японы ерөнхий сайд бидний хүлээн зөвшөөрөөгүй ямар нэг асуудлыг дангаараа шийдвэрлэхийг оролдвол манай улсын удирдлага түүнтэй нүүр тулан уулзах бодолгүй болно. Хоёр улсын дээд удирдагчид уулзахын тулд Япон улс эхлээд өөрийн хуучинсаг үзэл бодол, зуршлаасаа салах хэрэгтэй” гэж бичсэн байна.

Тэрбээр цааш нь Пёнянд “хуучирсан сэтгэлгээтэй, биелшгүй санаанууд агуулсан хэвээр байгаа ийм талтай нүүр тулан уулзвал ярилцах зүйл байхгүй” хэмээн нэмж анхааруулжээ.

Гэхдээ Ким Ёо Жон сүүлд “Би Японы ерөнхий сайдыг Пёнянд ирэхийг харах хүсэлгүй байна. Гэсэн хэдий ч энэ бол зөвхөн миний хувийн байр суурь юм” гэж мэдэгдлээ дуусгасан байна.

 

Эх сурвалж: Yonhap News